Wednesday, February 15, 2017

Хамбын овоонд хаягдсан хүмүүс


Агаарын бохирдлын хамгийн гол буруутан нь гэр хорооллын иргэд. Тэр тусмаа хотын захын гэр хорооллын айлуудын амьдрал хэцүү. Түлээ нүүрсээ авч чадахгүй болохоор дугуйны хамер, хашааны банзнаас эхлээд хаа тааралдсан эд зүйлсээ шатаадаг тухай хангалттай ярьдаг. Гэвч яг энэ хүмүүсийн амьдрал ахуйтай танилцаж, зовлон жаргалыг нь хуваалцаж үзсэн хүмүүс хэр олон байдаг бол !!! Ийм л зорилгоор Байгаль орчны иргэний зөвлөлийн гишүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 30-р хороо олны нэрлэдгээр Хамбын овоог зорилоо. Яг үнэндээ овоо байгаа үгүй нь ч мэдэгдэхгүй гэр хорооллын энхэл донхол зам, уулын хажуу бөөрийг ухаж буусан олон хашаа, байшинг эргэж тойрсоор Хамбын овооны шил дээр гарч ирлээ. Энд Хамбын овоо гэдгийг тодотгох хадаг яндар болсон ганц суваргыг эс тооцвол, эргэн тойрон битүү айлууд.

ДӨРВӨН НАСТАЙ ОХИНОО ГЭРТЭЭ ЦООЖЛООД ЯВЖЭЭ

Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн Б.Эрдэнэ “Бидний очих эхний айл бол хоёр жаахан хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйнх. Энэ эмэгтэй цэцэрлэг, сургуулийн насны хоёр хүүхэдтэй. Өөрөө тогтсон ажилгүй. Өчигдөр биднийг очиход хоол ундгүй сууж байсан. Гэхдээ хөөрхий хоолгүй ч гэсэн хоёр хүүхдээ усанд оруулаад байж байсан. Хэдүүлээ замаасаа хоолны мах, талх, түлээ нүүрс аваад оръё” гэсэн юм. Ингээд бид Хамбын овооны шилийг дөнгөж уруудан хашааны банзгүй шахам айлын хажууд ирлээ. Урд айлынхаа талаар хашааны банзтай, харин бусад талаар нь шон босгосон төдий. Энэ хашаа дотроо гурван айлтай. Урд талын хоёр гэр эгч нарынх нь гэнэ. Хойд талын ганц бор гэр нь бидний зорьсон айл бололтой. Бид авсан жаал жуулхан юм аа барьсаар үүдэнд нь иртэл хүн байсангүй. Харин бидэнтэй зэрэгцэн урд гэрээс гарч ирсэн эгчээс нь асуутал “Хүүхдээ сургуульд нь хүргэж өгөх гээд явсан. Багыгаа цоожилчихсон байх” гэлээ.
Идэр есийн хүйтэнд, ямар ч гал хөсгүй гэрт дөрвөн настай жаахан охиноо нээрээ цоожлоод явчихаж байгаа юм уу гэх бодол төрсөн ч нэг л итгэж өгсөнгүй. Хатавчыг нь сөхөөд охиныг нэрээр нь дуудаж үзлээ. “Байна” гэх жаахан хүүхдийн итгэл муутай, шингэн дуу гэрээс сонсогдов. Миний дүү өлсөж байна уу, даарч байна уу гэх дараагийн асуултад тэр хариулсангүй. Бидэнтэй хамт зогсох нагац эгчээс нь “Яагаад хүүхдээ гэртээ цоожилдог юм бэ? Та нар харж болдоггүй юм уу” гэхэд “Бид нар зөндөө л харж өгсөн. Хүүхдийг нь харж өгөхөөр орой 10, 11 цагаас нааш ирэхээ больчихдог. Юу хийдгийг нь би мэдэхгүй” гэлээ.

ЭНЭ ХҮҮХЭД ХООЛ ИДСЭН БОЛОВ УУ?

“Идээгүй байх. Би өчигдөр нэг аяга хоол өгсөн. Ээж нь өглөө галаа ч түлээгүй явсан. Та нар авчирсан юм аа үлдээгээд явчихгүй юу. Ээжийг нь ирэхээр өгчихье” гэв. Яагаад ч юм авчирсан жаахан юм аа энэ хүмүүст итгээд үлдээж чадсангүй. Бор гэрийн хаяаг сөхөж “Миний дүү нааш ир. Бид чамд талх авч ирсэн. Ирээд аваарай” гэлээ. Удалгүй гэрийн хаяагаар жижигхэн улаан гар цухуйж, бидний өгсөн талх, гурил, махыг аваад цааш явав. Үлдсэн нүүрсээ гэрийнх нь хаяанд тавилаа. Гэртээ цоожлогдсон охинд үүнээс өөр тус хүргэх боломж байсангүй. Сүүлдээ нагац эгчид нь загнуулах шахам тэндээс хөдөллөө. Ээж нь хурдан ирдэг л байгаа даа гэсэн бодол ээрсээр...

ЭНД 10 ЖИЛ БОЛСОН Ч ХАШААНЫ ГАЗРАА ӨМЧИЛЖ ЧАДААГҮЙ

Бидний очсон дараагийн айл бол 6 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй Оюунгэрэлийнх. Өөрийгөө 6 хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн гэж танилцуулсан энэ эмэгтэй гурван ханатай гэрт ганцаараа амьдардаг. Гэрийнхээ хойморт төмөр ор байрлуулж, хоёр хажуугаар нь авдар сав, сандал ширээ байрлуулсан жижиг гэрт дөрвөн хүн ороод л дүүрчих шиг болов. Хашаагаа яагаад гүйцээж бариагүй юм бэ? гэж асуухад, бариад ч нэмэргүй энэ хавийнхан хулгайлаад түлчихдэг гэсэн хариулт өглөө. Түүний хувьд энэ хашаанд амьдраад 10 жил болж байна. Гэхдээ хашааны газраа өмчилж чадаагүй. Одоо бичиг баримтаа бүрдүүлээд хөөцөлдөж байгаа гэлээ. Эдний 6-н хүүхэд нь бүгд тусдаа гарчихсан. Гэтэл тэр одоог хүртэл одонгоо авч чадаагүй. Бас л хөөцөлдөж байна гэж хэлсэн юм. Дээрээс нь тоггүй. “Айлаас тог салаалж тавьдаг байсан. Одоо тогоо салгуулсан” гэж Сонгинхайрхан дүүргийн 30-р хорооны иргэн Оюунгэрэл хэлж байна. Ямар ч гэсэн холбогдох бичиг баримтаа бүрдүүлсэн. Хашааны газраа өмчлөөд авчихвал, тог тавиулж болох байх. Тэгвэл хотын захад ч гэсэн гэрэл гэгээтэй амьдармаар байна гэж хэллээ.
Бидний очсон дараагийн айл хашаа ч байхгүй. Хамбын овооноос дээш өгсөөд уулын энгэр бараадаж буусан энэ айлд гурван залуу байв. 25-30 насны гэмээр гурван залуугийн нэг нь хэвтэрт, нөгөө хоёр нь биднийг ороход хоолоо хийж байсан. “Самранд явж байгаад, саяхан хөдөөнөөс ирсэн. Манай ах уг нь ийм бие муутай байгаагүй юм. Одоо элэгний хүнд өвчтэй болчихоод босож чадахгүй байна. Саяхан эмнэлгээс гарч ирсэн. Тийм болохоор одоо би ахыгаа хажууд нь асрахаас өөр аргагүй байна” гэж дүү нь ярьсан юм. Ах дүү хоёрын хувьд Төв аймгийн нэг сумаас хотод ирсэн. Гэвч албан ёсны хотын харьяалал байхгүй. Айлын хашаа дамжиж явсаар байгаад, сүүлдээ энд ирж буусан байна. Одоо ядаж хороондоо тогтсон харьяалалтай болчихвол хэрэгтэй байна гэсэн юм. Иймээс Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс энэ залуусыг хотын харьяалалтай болгох тал дээр нь тусалж, дэмжихээ амаллаа.

НЭГ ХОРООНД Л ГЭХЭД ХАРЬЯАЛАЛГҮЙ 40-50 ӨРХ АМЬДАРЧ БАЙНА

Энэчлэн Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс хотын захын гэр хорооллын айлуудаар явж агаар, орчны бохирдлын хөдөлгөөнт хяналт хийх ажил үргэлжилж байна. “Хотын захын гэр хороололд нүүрс түлээгээ авч чадахгүй, нэн ядуу өрх маш олон байна. Сонгинохайрхан дүүргийн 30, 23-р хороонд л гэхэд ийм 30 гаруй өрх байна. Гэхдээ судалгаа дуусаагүй учраас энэ хороонд үүнээс өөр харьяалалгүй, хашааны газаргүй, айлын хашаанд толгой хорогддог хичнээн айл байгааг мэдэхгүй. Энэ айл өрхүүдийг судлах ажил сарын дараа дуусна. Бид судалгааны ажлаа цогцоор нь Байгаль орчин ногоон хөгжлийн яаманд хүргүүлж, төрийн бодлого болгох чиглэлээр ажиллана” гэж Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн З.Болдбаатар хэллээ.
Нэг хороонд л гэхэд дунджаар 40-50 харьяалалгүй айл байна. Тэдний 20-30 юу ч хамаагүй түлж гэрээ дулаацуулдаг. 10-15 жил хотод амьдарч байгаа хэрнээ, бичиг баримтаа бүрдүүлж чадаагүй. Яаж бичиг баримттай болохоо ч мэдэхгүй нийгмийн анхаарлын гадна үлдсэн ийм хүмүүс олон байна. “Иймээс хороо дүүргийн дарга нар өөрийн хэсгийн амьдралын түвшин муутай, харьяалалгүй иргэдийг нэг бүрчлэн бүртгэх хэрэгтэй. Ингэхгүй бол төрөөс утааны эсрэг ямар ч бодлого шийдвэр гаргаад эзэндээ хүрэхгүй” гэж Монголын байгаль орчны иргэний  зөвлөлийн тэргүүн Б.Эрдэнэ онцолсон юм.

Thursday, January 5, 2017

Хорин дөрөв- Сэтгүүлчийн тэмдэглэл

Иса гэдэг нь нүүх, нүүлгэх гэсэн утгатай солонгос үг. Өмнөд Солонгосын 50 сая иргэний нүүж суух бэрх ажилд гаршсан монгол эрчүүд гуравхан үсэгтэй энэ үгийг “иса хийнэ, иса байна уу?” гэх зэргээр яг л монгол хэлнийхээ нэгэн эд эс мэт өргөн ашигладаг. Үүнээс гадна, солонгосоор 2-ын тоог И, 4-ийн тоог Са гэдэг учраас иса буюу айл нүүлгэдэг ажлыг солонгосчууд ч тэр, монголчууд ч тэр “24” гэсэн товчилсон нэрээр бичиж ярих нь элбэг. 

Өргөх, зөөх, баглах, байрлуулах гээд бяр чадал, арга сүйхээ шаардсан уг ажилд хэдэн мянганы турш хээр талаар эрх дураараа нүүдэллэж ирсэн нүүдэлч удмын монголчууд л хамгийн ихээр тохирдог гэнэ. Дээрээс нь цалин хөлс нь өндөр учраас айл нүүлгэх ажлыг нэг удаа хийж үзсэн л бол ахин өөр ажилд хүчээ сорьё гэхгүй, бүр арван жилээр ч хамаагүй эндээ уягдах тохиолдол олон. Тиймээс ч мөнгө хураах зорилготой монгол залуус хоногийн 24 цагийн ихэнхийг, бас залуу насаа хүч тэнхээтэйгээ хамт айл нүүлгэх амаргүй ажилд зориулцгааж байна. 



Улаанбаатарт бол хот тэр аяараа нойрондоо дугжирч байдаг өглөөний 5:40-д хойшид өгүүлэх түүхийн маань гол баатар буюу солонгос нэр нь Тэсан гэх монгол залуу Хан мөрний хойд эрэгт байрлалтай, Сөүлийн хаа л бол хаа тааралддаг нэгэн мухар гудамны төгсгөл дэх түрээсний давчуухан сууцандаа сэрэв. Хувцаслах, метроны буудал руу алхах, метронд суух, бас метрогоор хэр удаан зорчих зэргээ унтахын өмнө яг таг тооцоолчихдог тул түүний өглөө сэрэх цаг янз бүр. Гэвч тэр ихэнхдээ 5-6 цагийн хооронд орноосоо босдог. 

Тэсан бол өөрийнх нь хэлдгээр, исачин. 19-хөн насандаа анх Солонгост ирж суурьшаад залуу насныхаа есөн жилийг энд өнгөрөөхдөө эхний зургаан жилээ эрдэм номд, удаах гурван жилээ Сөүл хотынхны нүүж суух ажилд зориулсан тэрээр өдгөө 31 настай. Чухам энэ л хотод тэрээр залуу насныхаа хамгийн дурсамжит үеүдийг өнгөрөөжээ.  Дөлгөөхөн урсах Хан мөрний эрэг дээр үүр цайтал наргиж суусан үеэ, түг түмэн гэрэл чийдэн ассан үдшийн гэрэлт гудамжаар хайртай бүсгүйтэйгээ алхаж явсан хором мөчүүдээ, дөрөвхөн цаг унтаад л дараагийн ажилдаа гардаг ядрахаа мэдэрдэггүй өдөр хоногуудаа тэр одоо ч дурсан ярих дуртай. 

Ирээд удаагүй байхдаа тэрээр уулсын дээгүүр, тэнгис далайг гатлан байж хүрэх тэртээ алс дахь гэрийнхэндээ уртаас урт захиа бичжээ. Гараар бичсэн тэрхүү захиандаа “эрдэм номгүй л бол ирээдүйд чи хэн ч биш болно шүү, бас гадаад хэлээ хичээнгүйлэн сурцгаагаарай” хэмээн дүү нартаа захисан нь хэл ус ч мэдэхгүй хориодхон настай хүүгийн хувьд хүний нутгаас ойлгож ухаарсан хамгийн анхны сургамж байсан гэдэг. 

Дэргэдээ шар айрагны хоосон лонхнууд өрчихөөд тэртээх өдрүүдийг ийн дурсах нь түүнд гойд сайхан санагддаг гэдгийг олон шөнө лонх хоослохыг нь харсан би тун сайн мэдэх билээ. Арга ч үгүй юм, Солонгос бол түүний хоёрдахь эх орон. Тэр энд л Монгол Улсын өрхийг нэгээр нэмсэн алга дарамхан цаасыг гардан авч, бас Монгол Улсын иргэнийг нэгээр нэмсэн алгын чинээхэн хүүгээ хүлээж авсан. Эх барьсан эмч, гэрийнх нь ойролцоох хоолны газрын эзэгтэй гээд таньдаг мэддэг солонгосчууд нь түүний бяцхан хүүг “Ханмүн” буюу “Солонгост төрсөн монгол жаал” хэмээн өхөөрдөн дууддаг байв. Тэгэхэд тэр дэндүү жаргалтай байсан гэдэг нь түүний ярианаас шууд л мэдрэгддэг байлаа. 

Удалгүй тэрээр хүнд хүчир ажилд зүтгэж эхэлжээ. Тэртээ жилүүдийн өмнө дүү нартаа захисан үгийг одоо тэр өөрөө зөрчихөд хүрэв. Солонгосчуудын тэр бүр хийдэггүй хар бор ажлыг хийх бүртээ “Уг нь би иймэрхүү ажилд тохирох хүн биш дээ” гэж өөрийгөө зэмлэвч арван сая хүн бужигнасан, Азийн хамгийн өртөг өндөртэй хотуудын нэг Сөүлд эхнэр, хүү хоёроо бусдаас дор амьдруулахгүйн тулд ингэхээс ч өөр арга түүнд байсангүй. 

Хэдий эх нутаг руугаа бүрмөсөн буцаад гурван жил болж буй ч гурван сарын аяллын визээр үе үе ирэхдээ өнөөх л айл нүүлгэдэг ажлаа ёс юм шиг хийдэг гэдгээ тэр надаас ер нуугаагүй юм. Би наймдугаар сарын бүгчим өдрүүдийг, есдүгээр сарын ургацын баярыг, аравдугаар сарын эхний долоо хоногийг түүнтэй хамт өнгөрүүлсэн билээ. Тэсан өдөр алгасахгүй ажиллахыг зорьдог байв. Үүрийн дөрвөн цаг хүртэл уучхаад өглөө нь ажилдаа гараад л явахыг би олон удаа харсан. Өглөөний 6 цагаас эхлэн бүтэн 20 цаг тасралтгүй ажиллачихаад ердөө хэдхэн цаг унтсан болоод л маргаашийнхаа ажилд гарахыг бас харсан. Солонгос даяар бүх нийтээрээ амардаг Ургацын баяраар ч бас тэр ажилласан. 

Ийнхүү есдүгээр сарын дундуурх, Сөүл хотыг үл ялиг манан бүрхсэн өглөө би Тэсаны хэрхэн ажилладгийг харахын тулд үүрээр эртлэн боссон юм. Тэсан хөлөргөдөггүй, хөлөрсөн ч хурдан хатдаг нимгэн футболк, шоорт өмсөн, хөлдөө хөнгөн кээт углаад гэрээс гарлаа. Гадаа үүр дөнгөж тэмдгэрэх төдий байв. Метроны буудал руу 10 минут алхах замд уушны газар, шөнийн клуб, хэзээ ч хаалгаа барьдаггүй гуанз, мухлагууд эгнэсэн цэнгээний гудам дайралддаг тул шөнөжин наргисан хөлчүү залуусыг сонжин явсаар бид метронд суув.

Ажлын цаг ойртох үед Сөүлийн метро зорчигчдоор хахаж эхэлдэг боловч өглөөний эхний метро үргэлж л хүн цөөтэй байдаг билээ. Тэсан өөдөөс минь харж суугаад метро солих хүртэл нүдээ анин дугхийх хооронд би үүргэвчнээсээ жижигхэн тэмдэглэлийн дэвтэр гаргаж ирээд өнөөдөр хэдний өдөр, өглөө хэдэд сэрсэн, одоо ямар метрогоор зорчиж буй болон Тэсаны юу өмссөнийг хүртэл бичиж тэмдэглэв. Тэсан дундад азийнхан шиг давхраатай алаг нүд, өндөр хянган хамартай. “Сахлаа ургуулчихвал хүмүүс намайг узбек гэж андуурдаг юм” хэмээн хошигнон өгүүлж байсныг нь би гэнэт саналаа. Нээрээ ч Тэсан монгол хүнд баймааргүй дэндүү европжуу төрхтэй.  

Хэдхэн буудлын дараа Сөүлийг тойрон эргэлддэг метроны хоёрдугаар шугам руу сольж суув. Тэсан бас л дугхийжээ. Тэгтэл нэг буудлаас нөгөө буудлын хооронд шунгинан давхих метро гэнэтхэн л газрын гадарга руу гараад ирсэн нь харанхуйд гэнэт чийдэн асах шиг жигтэй мэдрэмж төрүүлэв. Үүр хэдийн цайжээ. Өглөөний, бас манан будангийн хөх туяа Сөүлийг нэг л хүйтэн санагдуулах авч есдүгээр сарын энэ өдрүүд бол цамц ч өмсөх шаардлагагүй урин дулаан үе билээ. 

Өмнө нь би Тэсантай хамт цөөнгүй удаа айл нүүлгэж үзсэн боловч өнөөдөр бол ажил хийлгүйгээр дэргэдээс нь түүнийг ажиглах боломжтойгоороо онцгой өдөр юм. Энэ өдөр долоон жил айл нүүлгэсэн туршлагатай, 40 гаруй насны монгол ахтай цуг ажиллана гэдгээ Тэсан өмнөх орой нь надад хэлсэн байв. Гэхдээ тэр намайг сурвалжлагч гэж танилцуулалгүйгээр “Монголоос ирээд удаагүй байгаа дүүгээ ажилд туслуулахаар аваад ирлээ” гэж хэлэхээр шийдсэн юм даг. 

Бид 6:40-ийн үед метроноос буулаа. “Энэ хавь бол оюутнууд холхилдсон, цэнгээний газрууд ихтэй, чинээлэгдүү дүүрэг байгаа юм” хэмээн Тэсан метроны буудлаас гарахын өмнө намайг 10 минут хүлээлгэн байж “биеэ хөнгөлснийхөө” дараа надад сонирхуулж билээ. Тэрээр “хүндрэхийгээ” бараг л зуршил болсон зүйл гэж тодорхойлоод “Хүнд юм өргөхөд бие хөнгөн байх учиртай” гэж нэмж зөвлөсөн нь нээрээ ч тийм байх шүү гэсэн бодолд хүргэв.   

Хэдхэн сар ажиллачихаад л нутаг буцчихдаг тул Тэсанд байнгын ажилладаг газар гэж үгүй. Ихэнхдээ л дуудсан газарт нь очно. Солонгост удаан хугацаагаар ажиллаж амьдардаг монгол залуус нэг газраасаа байнга ажилд гарах нь олон төдийгүй өөрийнх нь ажилладаг газар өөр хүн хэрэг болбол дотнын найз нөхөд, таньдаг хүмүүс, бүр болохгүй бол зараар холбогдон огт танихгүй нэгэнд ажил олж өгдөг. Тэсан удахгүй уулзах монгол ахтай өмнө нь ердөө нэг л удаа ажилд гарч байсан бөгөөд хэлэндээ ч тэр, ажилдаа ч бас гаргууд сайн гэж үнэлэгдсэн учраас түүнийг энэ өдөр дахин ажилд гаргахаар дуудсан юм. 

Урьдчилж зөвшөөрөл авалгүйгээр, дур мэдэн хүрээд ирсэндээ би жаахан санаа зовж байлаа. Учир нь монголчуудын хувьд исаны газрын солонгос эзнийг гэхээс илүүтэйгээр тухайн газар олон жил ажилласан, туршлагатай монгол ах нарыг хүндэтгэж харьцах нь чухалд тооцогддог. Ялангуяа над шиг ажил хэлээ ч мэдэхгүй, туршлагагүй нэгэнд бол бүр ч хамаатай. Ийнхүү метроны буудлын 4-р гарцан дээр хүлээж суутал яг 7 цагийн үед Тэсаны гар утас дуугарч түүнийг гарцаар гараад ир хэмээн хэллээ. Бид зам хөндлөн гараад өнөөх монгол ах дээр очтол биднийг хоёулаа ирсэнд тун ч гайхсан байдалтай зогсож байв. Тэсан тэр ахыг ам нээхээс ч урьтан “Манай дүү ажил хийж сурах гэж байгаа юм. Та санаа зоволтгүй ээ, цалингүй ажиллана” гэв. 

Ер хүчний ажил хийдэг гэж харагдахааргүй хөнгөн шингэн биетэй, бас ухаалаг хэрсүү байрын төрхтэй тэр ах эндхийн албан ёсны хэллэгээр бол хууль бус оршин суугч, харин Солонгос дахь монголчуудын хар яриагаар бол зүгээр л харынх. Салхины хальсан куртка өмсөж, зузаахан ном ч багтахааргүй жижигхэн цүнх мөрнөөсөө ташуулдаж унжуулсан тэрээр Тэсан бид хоёрыг дагуулан, орон сууцны тансаг хорооллын дундуур зам товчлон алхсаар голдуу намхан байшингууд эгнэсэн, хөл хөдөлгөөн багатай гудамжинд ирээд үүд хавиар нь бүхээгтэй ачааны машинууд зогссон нэгэн барилга руу оров. Тэсан ч бас дагаад орчихлоо. Төд удалгүй тэр хоёр гартаа цаасан аягатай халуун кофе барьчихсан гарч ирээд, бас “Үүнийг өмсчих” гээд над руу ногоон өнгийн футболк чулуудсан нь намайг өнөөдөр ажиллаж болохыг зөвшөөрсөн дохио байлаа. 

Өнөөдрийн айлыг намайг оролцуулалгүйгээр долоон эрэгтэй, нэг эмэгтэй ажилтан нүүлгэнэ гэнэ. Ер нь солонгос айлуудын гэр доторх эд хогшлыг тонн гэсэн нэгжээр багцаалж хэмждэг. Дундаж айл 5-6 тн-ын эд хогшилтой байх нь олон бөгөөд иймэрхүү айлыг нэг бүхээгтэй ачааны машин (5 тн-ын даацтай), нэг портер (1 тн-ын даацтай) хоёроор л нүүлгэчихдэг. Харин өнөөдрийн айл 10 тн-ын ачаа бараатай учраас ийм олуулаа ажиллахаар болсон хэрэг. Удалгүй бид тус бүр 5 тн-ын даацтай хоёр машиндаа хуваагдаж сууцгаагаад нүүлгэх айл руугаа хөдөллөө. 

“Сөүлд хэчнээн монгол хүн айл нүүлгэдгийг хэлж мэдэхгүй ч Сөүлд монгол хүнгүй исаны газар ховор доо” хэмээн айл нүүлгэдэг залуус ярьж байхыг би олон ч удаа сонссон. Солонгост миний уулзаж танилцсан бараг бүх эрэгтэй хүн өмнө нь айл нүүлгэж үзсэн байсан бөгөөд ядаж л хийж үзээгүй нэгэн нь “хийгээд үзчих юм сан” гэсэн хүсэлтэй нь анзаарагдсан. Аравдугаар сарын байдлаар арван мянга хол давсан гишүүнтэй “Монгол исачид” гэх фэйсбүүк бүлгэм цаг хором тутамд идэвхтэй байдаг гэдгийг ажил сурагласан, зуучилсан заруудаас нь төвөггүй мэдэж болохоор. Тэсан надад эндээс бүр гурван ч удаа ажил олж өгсөн юм даг. Мөн нэгэн өдөр бид цуг ажилд гарч байгаад айлын хаяж буй, тун цэвэрхэн хэрэглэсэн хөргөгчийг гадагш гаргаж хаялгүйгээр зургийг нь аваад “Монгол исачид” бүлгэм рүү нэвтрэн“Хэрэгтэй бол ирж аваарай. Үнэгүй шүү” гэсэн зар тавьчихав. Тэгтэл Тэсаны гар утас тасралтгүй жингэнэх нь тэр. Бүр 20 минутын дараа л гэхэд анхны холбогдсон 30 эргэм насны залуу портертой давхиж ирээд “Манай хөргөгч саяхан эвдэрчихсэн юм. Азны юм боллоо” гэж ярингаа хүнд нүсэр хөргөгчийг ёроолоос нь сэвхийтэл дамжилж өргөөд давчуухан шатаар тун эвлэгхэн буулган машиныхаа тэвшинд аччихлаа. Тэрээр явахаасаа өмнө бид хоёрыг арав арван мянган воноор урамшуулахаа ч бас мартсангүй. Солонгост эд хогшил бүрийг мөнгө төлж хаядаг учраас өглөөний энэхүү шуурхай ажиллагаа “хаясан, өгсөн, авсан”-даа тун өлзийтэй зүйл болчихов. Энэ хооронд Тэсаны утас жингэнэсээр л байв. Бүр түүний бичсэн зарын дор “Монгол руу ачуулчих. Хөлсөнд нь 100 мянгыг нэмж өгье” гэж бичсэн харагдлаа.  

Айл нүүлгэдэг монгол залуусын хүч чадал, хурдан шаламгай хөдөлгөөнийг солонгосчууд андахаа байжээ. Эндхийн “Чусон” гэх сонинд гарсан нэгэн нийтлэлд айл нүүлгэдэг монголчуудын тухай хөндөхдөө исаны газрын эздийн үгийг эшилсэн нь тун ч сонирхолтой санагдав. Тэсаны надад орчуулж өгсөн тэрхүү нийтлэлд 43 настай Пак гэгч, нэгэн айл нүүлгэдэг компанийн захирал “Хэрэв камбож ч юм уу, бангладеш хүнээр айл нүүлгэдэг ажлыг хийлгэх юм бол төрх байдлаараа солонгосчуудтай адилгүй учраас шууд л гадаад хүн гэдэг нь танигдана. Дээрээс нь тэд бага зэрэг бохирдуу мэдрэмж төрүүлдэг. Харин монголчуудыг ажиллуулах юм бол тэднийг гадаад гэж мэдэхгүй байсаар байгаад ажил дуусах ч тохиолдол гардаг. Тийм учраас л би монгол хүмүүсийг ажиллуулах дуртай” гэж хэлсэн бол 57 настай Ким гэх эзэн “Би нэг л зүйлийг хэлье. Том шүүгээ, төгөлдөр хуур, хөргөгч зэрэг хүнд нүсэр эд хогшлыг хоёр болон түүнээс дээш давхар руу зөөж гаргах, эсвэл буулгах тохиолдол цөөнгүй гардаг. Энэ үед монгол хүмүүсийг л явуулах юм бол ажил маш хурдан төдийгүй ямар ч осол авааргүй, бас эвдрэл гэмтэлгүй дуусдаг” гэж өгүүлжээ. Мөн нийтлэлд дурдсанаар бол манайхан солонгос хэлийг хурдан, цэвэрхэн сурдгаараа аль ч орныхонтой харьцуулшгүй гэнэ. Ер нь хэлээ л сайн сурчихвал адлуулж дээрэлхүүлдэг монгол хүн гэж ховор юм билээ. Надад лав тэгж санагдсан. 

Дараа нь Тэсан бид хоёр тэрхүү нийтлэлийн дор бичигдсэн бүх сэтгэгдлийг нэг бүрчлэн уншсан бөгөөд ихэнх нь монголчуудын бяр чадал, ажиллах арга барилыг гайхан шагширсан байхад зарим нь манайхны ойворгон хөөрүү занг зэмлэн буруушаасан байв. Бүр нэг уншигч “Үүнийг бичсэн сэтгүүлч монголчуудын олноороо цуглардаг Монгол таун гэх газар очоод тэдэнтэй цуг хоёр гурван өдрийг өнгөрөөсөн бол энэ мэтээр магтаж бичихгүй байсан болов уу” гэж сэтгэгдэл үлдээсэн бол өөр нэг солонгос уншигч “Би хоёр ч удаа гэрээ нүүлгэсэн. Тэр үед тэдний ямар хэцүү ажил хийдгийг хараад өр өвдөж, сэтгэл шимшрэх шиг л болсон” гэж бичсэн байж билээ. Гэвч айл нүүлгэдэг монгол эрчүүд “өөрсдийн хийж байгаагаа” хэзээ ч өр өвтгөж, сэтгэл шимшрүүлмээр ажил гэж үздэггүй. Монголд байхдаа өөрсдийн болон хамаатан садан, найз нөхдийнхөө гэр оронг ямар ч цалин хөлсгүйгээр нүүлгээд л өгчихдөг дурын монгол залуу Солонгост ирээд анх удаа айл нүүлгэж үзсэн ч торох юмгүй ажлынхаа ард гарчихдагийг тэд сайн мэддэг тул “ажил мэдэхгүй солонгосоос гурван сарын монгол нь дээр” хэмээн хэлж ярих дуртай. Олон жил айл нүүлгэсэн туршлагатай хүмүүсээс “Монголчуудын давуу тал юу вэ” гэж асуувал ихэнх нь л “Монгол хүн бүр ажилд эв дүйтэйгээс гадна ямбагүй” гэж хариулах болно. 

Ийнхүү бидний сууж яваа ачааны бүхээгтэй машин Хан мөрний өмнөд эргийг зорьж явлаа. Гүүрэн дээгүүр машинтай давхих үед Сөүлийн юм бүхэн гайхам сайхан харагддаг сан. Хан мөрний умард хөвөөг эмжих мэт сунан тогтсон намхан толгодын энгэр бэлийг улаан тоосгон ханатай намхан сууцнууд өвч бүрхсэн нь зөвхөн Сөүлд л харж болох гоёмсог өнгө билээ. Үдэш болж түнэр харанхуй энэ хотыг нөмрөхөд тэнгэрийн одод газарт буугаад ирчихсэн мэт гэрэлтэх тэрхүү дэнлүүт толгод нэг л ид шидлэг, ер бусын үзэгддэг юм. Тиймдээ ч айл нүүлгэх ажил заримдаа яг л аялал шиг санагддаг байв. Сөүлийн хаа нэгтээгээс энгийн л нэг солонгос айлыг ачаалчихаад хөдөөгийн буйд нутгийг зорин хурдны замаар салхи татуулан давхингаа жижигхэн гацаа тосгон, тутаргын талбай, үйлдвэрийн цогцолбор, үзүүр нь үл харагдах урт хонгил зэргийг сонжин явсаар орой нь гэртээ ирэхэд жигтэй сонин аялалд оролцоод ирсэн юм шиг л мэдрэмж төрдөг байлаа. Дээрээс нь тэрхүү аялал үнэ төлбөргүй атлаа бүр цалинтай гэдгийг мартаж болохгүй.  

Тэсан ч бас миний энэ дүгнэлттэй санал нийлсэн юм. Тэрээр хэсэгхэн хугацаанд тавилга угсардаг ажил хийж байхдаа ерөнхийлөгчийн Хөх ордон, Америкийн цэргийн бааз, LG-ийн үйлдвэрт орж үзсэн тухайгаа надад сонирхуулж билээ. Мөн айл нүүлгэж байхдаа Өмнөд Солонгосын өнцөг булан бүрт очиж үзжээ. Сөүлээс хамгийн ихээр алслагдсан, өмнөдийн хот Пусанд далайн эргийн, тэнгэр баганадсан барилгын дээд давхар руу нэгэн айлыг нүүлгэх гэж очоод цонхоор нь тэнгис далайг ширттэл “яг л хөлөг онгоцоор хөвж буй” мэт мэдрэмж түүнд төрсөн гэдэг. Иймэрхүү зүйлсийг тэрээр ихэд бахдангуй, уран фантаазтай ярина. 

Монголоор “голын урд” гэсэн утгатай Ганнам бол Сөүлийн хамгийн чинээлэг дүүрэг. Бид гүүр даваад “голын урд” байрлах нэгэн чинээлэгдүү хороололд дөхөж иртэл цаг 8 болж байв. Гаднаасаа бол ер гял цал юмгүй, хуучирсан сууцуудтай энэ хавь эхэндээ тийм ч баян тансаг санагдаагүй ч гудамжинд зогсох үнэтэй машинуудыг хараад тэр бодол минь шууд өөрчлөгдсөн юм даг. Өнөөдрийн нүүлгэх айл маань дөрвөн давхар байшингийн дээд талын хоёр давхарт амьдардаг ажээ. Монгол ах маань дээш гарч нүүлгэх айлаа зэрвэс харсныхаа дараа доош бууж ирээд “Өнөөдөр өвөө эмээ нарын гэрийг нүүлгэх юм байна даа” хэмээн Тэсан бид хоёрт сонирхуулав. Бүр монголоор хэлсэн шүү. 

Тухайн өдрийн айлыг хэчнээн хүн нүүлгэснээс үл хамааран тухайн исаны газар олон жил ажилласан, хамгийн туршлагатай хүн нь бусдыгаа ахалж гардаг бөгөөд түүнийг солонгосоор “Тимжаан” гэж нэрлэдэг. Ажил эхлэхийн өмнө хэн юу хийхийг зааварчилж, ажил дууссаны дараа цалин өгдөг гээд Тимжааны эрх мэдэл их. Харин ажил эхлэх мөчид Тимжаан гэрийн эздийн унтлаганы өрөөг баглаж савлах бөгөөд магадгүй түүнээс илүү чадварлаг, өөр газар олон жил ажилласан хүн байлаа ч гэсэн энэ бичигдээгүй дүрмийг хэн ч зөрчихгүй. 

Тэгвэл гал тогооны өрөөн дэх сав суулга, аяга таваг, хөргөгчин доторх идэх юмыг баглаж савладаг хүнийг “Гал тогооны авгай” гэж нэрлэдэг. Харин багийн бусад гишүүний хувьд ажлын туршлагаасаа хамаараад хийх зүйлс нь өөр өөр. Хамгийн туршлагагүй нь буюу яг над шиг ажил хэлээ ч мэдэхгүй хүн бол үүдний хэсэг дэх гуталнуудыг хайрцаглаж дуусгаад зөөх ажлыг үргэлжлүүлж гүйцэтгэнэ. Өглөө нь машин дотор найзууд шиг л зэрэгцээд сууж явсан Тимжаан, бид хоёр яг ажил эхэлмэгц нэг нь унтлаганы өрөө, нөгөө нь үүд хавиар эргэлдсэн асар хол “зайтай”, бас эрх мэдлийн хувьд асар “ялгаатай” хүмүүс болоод хувирчихдаг юм. Үүний учрыг Тэсан “Унтлаганы өрөөнд тухайн айлын хамгийн чухал зүйлс бий. Харин гуталнууд эвдэрч хагарна гэж байх биш дээ” хэмээн тайлбарласан юм даг. Тимжаан болон гал тогооны авгай нар ихэнхдээ солонгос хүмүүс байдаг бол бусад нь монголчууд байх нь элбэг. 

Өнөөдрийн айл зочны өрөө, гал тогооноос гадна дөрвөн ч тусдаа өрөөтэй. Дээврийн өрөө рүү шатаар өгсөж гардаг тул эд хогшлыг нь гараар зөөж буулгана гэнэ. Иймэрхүү ажлыг хамгийн туршлагагүйгээрээ мэдээж би л хийж гүйцэтгэнэ. Айлын эзэн 70 эргэм насны хүн байлаа. Биднийг тэднийх рүү явж ороход багийнхан дундаа хамгийн залуу нь учраас айлын эзэн надад хандан хаалганы хажууд байгаа боодолтой номнуудыг доош, нэгдүгээр давхар руу буулгаад өгөхийг хүслээ. “Чээг” гэж солонгосоор ном гэсэн утгатай үг болохыг, бас солонгос хүмүүсийн үйл хөдлөлийг хараад л надаар юу хийлгэх гээд байгааг сайн таамагладаг болсон тул иймэрхүү энгийн даалгаврыг заавал Тэсанаар хэлмэрчлүүлэн байж ойлгох шаардлагагүй болсон билээ. Би боодолтой номнуудыг шатаар хэд гүйгээд л буулгачихав. Дараа нь дээш гарч ирээд гуталнуудаа хайрцганд савлалаа. Олон ч айлын гутлыг хайрцганд савлаж үзсэн би солонгос хүн гутал олонтой гэдгийг таньж мэдсэн нь энэ ажлаас сурсан хамгийн анхны туршлага маань болсон юм. Төд удалгүй гэрийн эзэн намайг дахиж дуудаад нэг хайрцагтай зүйлийг зааснаа солонгосоор хэд гурван өгүүлбэр хэлчихээд яваад өгөв. “Бурхан минь, юу гээд хэлчихэв ээ!” Би юу ч ойлгосонгүй. Тэрхүү хайрцгийг нь багийнхныхаа баглаж савласан хайрцагнуудын хажууд тавьчихаад үүдний хэсэг рүүгээ буцлаа. Гэтэл 30 минутын дараа монгол ах маань над дээр ирэн “Гэрийн эзэн чамд нэг хайрцагтай юм өгсөн үү? Тэрийг доош машинд нь хүргээд өгчих” гэснээр түрүүн юу гэж хэлээд байсныг нь сая л нэг юм ойлгох шиг боллоо.    

Тэсаны хэрхэн ажиллахыг харна гэсэн анхны зорилго маань ёстой бүтэшгүй зүйл байсныг ажил эхлэх үед л би ойлгосон юм. Айл нүүлгэх ажил нэг л эхэлсэн бол ямар ч зав чөлөөгүй үргэлжилсээр дуусдаг бөгөөд хэрэв хэн нэг нь залхуурч назгайрвал ажил тарах цаг оройтдог тул бүгд л эрвийх дэрвийхээрээ зүтгэдэг. Манай Тимжаан чөргөр туранхай биетэй солонгос эр байв. Тэрээр гэрийн эздийн унтлаганы өрөөг баглаж дуусчихаад дээврийн өрөө рүү орлоо. Энэ хооронд хижээлдүү насны нэгэн солонгос эр, бас Тэсан, манай нөгөө монгол ах гурав бусад өрөөн доторх эд хогшлуудыг баглаж боолоо. Жижиг эд хогшлыг сагс, хайрцганд хийдэг бол бусад тавилгыг бүтээлгээр баглаж ороодог. 

Гал тогооны авгай гал тогоо хавиараа л эргэлдэв. Харин доор үлдсэн хоёр солонгос эр бидний буулгасан ачаа барааг машин руугаа өрж ачсан. Бүхээгтэй тэвшийг битүү чигжиж ачихыгаа исачид “тетрис тоглохтой” адилтгадаг. Бидний баглаж боосон эд хогшлыг сунадаг шаттай машинаар буулгадаг бөгөөд солонгосоор тэрхүү машиныг “сатари” гэж нэрлэдэг. Тэр нь гал сөнөөгчдийн ашигладаг, сунадаг шаттай төстэй эд. Солонгос айлууд бүгд л шахуу цэлгэр том цонхтой учраас ихэвчлэн цонхоор нь нүүлгэчихдэг юм. Бүр 25 давхрын айлыг ч гэсэн “сатари” ашиглан цонхоор нь нүүлгэж болдог. Хэрэв “сатари”-гаар нүүлгэх боломжгүй бол цахилгаан шатаар нүүлгэнэ, харин цахилгаан шатгүй бол гараар зөөдөг. Би нэгэн өндөр солонгос эрийн хамт бусдынхаа баглаж боосон эд хогшлыг цонхны харалдаа ирсэн “сатари”-гийн тавцан руу өрж тавьдаг ажил хийв. Тавцан дүүрмэгц доош буулгаж, эд хогшлуудыг бүхээгтэй тэвш рүү ачна. Ер нь айл нүүлгэх дараалал нэг иймэрхүү.

Тэсан, монгол ах хоёр хурдан шалмаг хөдөлгөөнтэй гэж жигтэйхэн. Хоорондоо монголоор ярихгүй, дан л солонгосоор ярьцгаана. Нэг харахад л нэг өрөөг хоосолчихсон, нэг харахад л угаалгын машиныг баглачихсан, нэг харахад л надтай зэрэгцэн ваартай цэцэгнүүдийг зөөлцөж байдаг байв. Ийнхүү 12 цаг дөхөж байх үед бид тэрхүү айлын бүх эд хогшлыг ачаалж дуусгалаа. Айлын эзэн өвгөн хоосон байраа нэг эргэж тойрчихоод самгантайгаа хамт гялтганасан хар өнгөтэй, цоо шинэ бенц машиндаа суун шинэ байр руугаа хөдлөв. Тэднийх Хан мөрний хойд эрэг рүү нүүж байгаа аж. 

Ер нь айл нүүлгэх үйл явцыг энгийнээр тодорхойлбол эд хогшил бүрийг яг хаана байрлаж байсан яг тэр хэвээр нь шинэ байранд нь авчрах гэж хэлж болно. Жишээ нь, айлын эзэн бичгийн ширээн дээрээ гар утасны цэнэглэгч, тэмдэглэлийн дэвтэр, хоёр ширхэг бал, бүр түрийвчээ орхиод гарлаа гэж бодоход шинээр нүүж орж буй байранд нь тэрхүү бичгийн ширээг ямар ч эвдрэл гэмтэлгүйгээр яг тэр эд зүйлстэй нь хамт байрлуулах ёстой болно гэсэн үг. Тийм ч учраас “Айл нүүлгэнэ гэдэг чинь урлаг байхгүй юу” гэсэн Тэсаны үгэнд би шууд л итгэсэн юм даг. Бас айл нүүлгэх үед юм бүрийг бярдаж өргөдөггүй гэдэг нь анзаарагддаг байлаа. Бүгдийг физикийн хуулийн дагуу өргөж, өнхрүүлж, эргүүлж, байрлуулах жишээтэй. 

Айл бүр кимчиний тусдаа хөргөгчтэй, зочны өрөө нь агааржуулагчтай, тагтан дээрээ ваартай цэцэгс тарьдаг, бас вааранд цуу дардаг гээд солонгос айлууд олон нийтлэг шинжтэй. Мөн номын сангүй, төгөлдөр хуургүй айл ховор. Гэрийн эздийн хувцас хунар гэж тоймгүй их. Түүнчлэн хөргөгчин доторх амтлагч, цуу, даршилсан ногоо ёстой л түмэн янзаараа өрөөстэй байдаг билээ. Тэсан “Солонгосын соёл уламжлалыг гүнээс нь мэдэрье гэвэл солонгос айлд л зочлох хэрэгтэй” гэж хэлсэн нь нээрээ л үнэний ортой үг санагдсан. Би Тэсантай хамт цөөнгүй удаа айл нүүлгэж үзэхдээ баян, ядуу, бас хэзээ ч төсөөлж чадахааргүй аймшигтай бохир заваан айлыг нүүлгэж үзсэн. Хогоо хэзээ ч хаядаггүй гэмээр тэр айл залуухан хос байсан сан. Ханаар нь жоом гүйлдсэн, эхүүн муухай үнэртэй тэр айлд цэцэг шиг хөөрхөн охиных нь хувцас хунар, тоглоом хэрэглэл газраар нэг хөглөрч байсан нь тэдний гэр бүл дэх цорын ганц гэгээлэг зүйл нь байх гэж бодогдсон. Бас нэг удаа бид нас сүүдэр 100 дөхөж яваа өвгөн, эмгэн хоёрынхыг нүүлгэсэн бөгөөд тэднийх жаран жил амьдарсан хашаа байшингаа өндөр үнээр худалдаад орон сууц руу нүүж орж билээ. Тэдний навтгар хуучин байшинг тойроод орчин үеийн гял цал барилгууд сүндэрлэсэн нь Сөүлийг нэгэн цагт үнс нурам байхад цэл залуухан байсан тэд цаг хугацааны хувьсал өөрчлөлтийг он удаан жил тэвчээртэйгээр сөрж зогссоныг илтгэж байв.  

Ийнхүү бид өдрийн гурван цагийн үед өнөөдрийн айлаа нүүлгэж дуусгав. Хамгийн сүүлд зочны өрөөн дэх жаазтай зурагнуудыг тогтоож, шалыг нь арчиж цэвэрлэснээр айл нүүлгэх ажил дуусгавар болдог. Биднийг ажлаа дуусгахад айлын эзэн өвгөн орой хоол идэцгээгээрэй хэмээн 100 мянган вон нэмж өгснийг Тимжаан маань бүгдэнд нь тэнцүүхэн хувааж өглөө. Бид нүүлгэсэн айлаасаа гараад өглөө цугласан газраа эргэн очтол эелдэг, найрсаг зантай эзэн маань тор дүүрэн маквэлли буюу будааны айраг барьчихсан зогсож байв. Маквэллиг бороотой өдөр, эсвэл ажил тарсны дараа уудаг гэж Тэсан надад олон удаа хэлсэн билээ. Түрүүхэн л нэгнийгээ тухтай ч харж амжилгүй борви бохисхийлгүй ажилласан бид исаны газрынхаа умгар өрөөнд намхан модон ширээг тойрч суугаад будааны айраг ууцгаалаа. Өдрийн турш надтай нэг ч үг дугараагүй, хижээлдүү насны солонгос эр ханзаар бичсэн маквэлиний нэрийг “Энэ бол урт наслахыг ерөөсөн утгатай үг” хэмээн тайлбарлан ярив. Би маквэлинээс амсаж үзлээ. Монгол айргийг бодвол зөөлөн, чихэрлэг ч юм шиг амтагдав. Ингээд хамгийн сүүлд өглөөхөн танилцсан монгол ах маань Тэсан бид хоёрын цалинг авчирч өгсөн нь намайг гайхширалд оруулсан юм. Тэсанд 140 мянган вон, намайг ажилд тусалсан гээд 70 мянган вон (Есдүгээр сарын ханшаар 140 мянган төгрөг) өглөө. Уг нь би цалингүй ажиллана гэж ирсэн шүү дээ, гэтэл тэр ах эзэндээ хэлэн байж надад цалин олгуулжээ. Монголчууд ийм л элгэмсэг.

Тэсан бид хоёр ирсэн замаараа метронд суусаар 4 цагийн үед гэртээ ирлээ. Тэр шүршүүрт орчихоод эд хогшил гээд байх юмгүй умгар өрөөнийхөө буланд дэвссэн дан гудсан дээр завилж суунгаа утсаа оролдоод л суучихав. Нэг ингээд суучихвал түүний амнаас барагтаа л үг унахгүй. Солонгосын улс төрийн байдал, монголчуудын аж байдал, төгрөг вонын ханш, энд тэндхийн баривчилгаа, маргаашийн ажлын зар, бас Монголоос илгээсэн хүүгийнхээ зургуудыг сонжин харсаар оройн хоолны цаг хүргэх ч үе бий. Нэг удаа Тэсан “Миний хүү цэцэрлэг дээрээ <Хабага> гэж шинэ үг хэлсэн гэнээ” хэмээн хүүгийнх нь тухай өгүүлсэн жижигхэн зурвасыг надад нэг бүрчлэн уншиж өгөөд сэтгэл нь ихэд догдолсон бололтой “Өнөөдрийн хамаг уур бухимдлыг үлдэн хөөчих шиг л боллоо” гэж хэлж билээ. Хүү нь сайн хэлд ороогүйг би мэдэх тул түүний хэчнээн их догдолж байгааг мэдэрч байлаа.  

Бид гудамж уруудан алхсаар хүрдэг “Кимбаб Жонгүг” гэх хоолны газарт оройн хоолоо иддэг байв. Тэсан кимчитэй, кимчигүй улаан хүрэн шөлнүүдээ үргэлж захиална. Тэдгээрийгээ монгол хүн ядаргаагаа тайлж ясны шөл уудаг шиг л амтархан иднэ. Тэгмэгцээ зэргэлдээх дэлгүүр лүү зүглэж хэдэн лонх шар айраг, нэг маквэли худалдаж аваад унтах хүртлээ ууна. Бараг өнжөөд л нэг ингэж уудаг сан. Үүнийгээ “Уувал ядрах нь бага байдаг. Чангарсан биеийг сулладаг гэх үү дээ” хэмээн зөвтгөнө. Тэсан үүр цайтал уусан ч ажилдаа гараад л явдгийг би мэдэх тул түүний уунгаа ярьдаг түүхүүдийг хэдэн цагаар ч хамаагүй чагнан суудаг байв. Тэр жаахан халчихаараа исаны тухай зах хязгааргүй ярьж эхэлнэ. “Иса бол урлаг”, “Исаны гар нийлсэн баг нэгнийгээ чимээгээр нь хаана юу хийж байгааг мэддэг”, “Иса бол зүгээр л мунаглан өргөдөг хүчний ажил биш” гэх зэрэг сонин, этгээд үгсийг тэр хөлчүү үедээ л унагадаг байв. 

Нэгэн удаа түүнээс “Тэсан” гэх солонгос нэрнийх нь учрыг сонирхтол анх айл нүүлгэж байсан тухайгаа надад хуучилж билээ. Хамт ажилладаг хүмүүсийнхээ дунд ганцаархнаа монгол, бас хамгийн залуу нь учраас түүнийг барагтаа л бол хүндэлж харьцдаггүй байж. Бүгд л “Яа!” буюу “Хөөөөөөш” гэсэн дээрэнгүй үгээр дууддаг байжээ. Харин нэгэн хөгшин солонгос эр түүнд ажил хэрхэн хийхийг зааж зөвлөж, ажил тарсны дараа лонх шар айргаар дайлахдаа “Одоо чи өөр газар ажиллах цаг болсон. Энд ажилласаар л байх юм бол үргэлж туршлагагүй нэгэн мэт үнэлэгдэх болно” хэмээн захисан гэдэг. Мөн нэгэн өдөр түүнийг бүгд л урьдын дээрэнгүй үгээрээ дуудахад өнөөх солонгос эр “Энэ хүү нэртэй юм шүү. Нэрээр нь дуудацгаа” хэмээн хамт ажилладаг солонгосчууддаа хандан бухимдангуй хэлсэн гэдэг. Тэгээд хэн гэдэг юм бэ гэж өнөө хэд нь асуутал “Тэсан!” гэж хариулжээ. Түүний шинэ нэрийг сонсоод бүгд л “Хөөх” хэмээн уулга алдсан байна. Тэсан бол монголоор орчуулбал уулын ноён оргил, ян сарьдаг гэсэн утгатай үг. Тэ гэдэг нь солонгосоор их, аугаа гэсэн утгатай бол сан гэдэг нь уул гэсэн үг юм. Заримдаа Тэсан яг л нэр шигээ санагддаг байв. Нэг дуугаа хураачихвал уулс шиг л дүнсийчихдэг, нэг яриад эхэлчихвэл бүгдийг үнэн сэтгэлээсээ өчдөг тийм л хүн. 

Нэг орой би Тэсанаас урьтаад нам унтчихсан байлаа. Тэгээд шөнө дунд нойрноосоо гэнэт сэртэл Тэсан хав харанхуйд завилаад суучихсан, гартаа буй хоосон лонхыг газарт тулчихсан, суугаа чигээрээ нам гүм унтаж байв. Яагаад ч юм би түүнийг хачин ихээр өрөвдөж билээ. Атгасан лонхыг нь гараас нь зөөлөн татаж автал Тэсан газарт ор болгож дэвссэн гудас руугаа өнхрөөд л уначихсан юм даг. Дээгүүр нь хөнжил нөмөргөтөл хүчтэй амьсгалан унтаж буй нь мэдрэгдэв. Сөүлд аравдугаар сар айлчилсан тул өглөө оройдоо жиндүү байдаг билээ. 

“Хүн бүр багтай амьдардаг. Магадгүй Солонгос бол миний үргэлж өмсдөг нэг сайхан баг. Үнэндээ би зүгээр л нэг исачин шүү дээ” гэсэн түүний хатуу боловч хоржоонтой үгийг би одоо ч гэсэн эргэцүүлэн боддог юм. Тэсан иймэрхүү жир биш үгсийг үе үе хэлнэ. Нэг удаа аавыгаа, бас хайртай эхнэрийгээ ярьж байхдаа яагаад ч юм баахан уйлж билээ. Дараа нь бага зэрэг тайтгарсан болоод “Хэн нэгнийг мөрөөдөлд нь хүргэхийн тулд өөр хэн нэгэн замыг нь заавал засаж өгдөг. Магадгүй яг над шиг хэн нэг солонгос залууг Самсунг, LG, Хьюндайд ажиллуулахын тулд монгол залуус мөрөөдлөө золиосолж байгаа. Уг нь энэ ажлын байранд хэн нэг солонгос залуу ажиллаж байх учиртай. Харин би тэр залуугийн замыг засаж, өөрийнхөө мөрөөдлийг “золиосолсон” юм. Магадгүй бид солонгос хүн болоод төрсөн бол Самсунгэд ч ажиллах байсан юм бил үү, хэн мэдлээ дээ” хэмээн айл нүүлгэдэг монгол залуусаа өмөөрсөн үг хэлээд “Олон монгол хүн Солонгост амьдардаг монголчууд амар хялбараар мөнгө олдог юм шиг боддог. Үнэндээ бид залуу нас, мөрөөдөл хоёроо золин байж хатуу бэрхийг туулдаг юм шүү. Чи энэ санааг нийтлэлдээ заавал тусгаарай” хэмээн хэлсэн нь миний санаанаас одоо ч гардаггүй юм. 

Тэсан дөрвөн жилийн өмнө төгөлдөр хуур өргөж байгаад нуруундаа юм оруулснаа надад бас ярьж билээ. Долоо хоног эмчлүүлж байж ажил хийхтэйгээ болсон гэнэ. Бас Тэсаны нэг найз айл нүүлгэж байгаад нуруугаа хүндээр гэмтээснээс нуруундаа төмөр диск хийлгэж байжээ. Найзыгаа эргэхээр, Солонгост хараар ажилладаг хүмүүсийг хөнгөлөлттэй үнээр эмчилдэг нэгэн том эмнэлэгт очтол найз шиг нь олон монгол залуу “нурууны гэмтлээс” болж шаналж байсныг тэр харжээ. Тэр үед түүний хэлсэн “залуу нас, мөрөөдлөө золин байж” гэдэг үгийг би үнэн сэтгэлээсээ ойлгох шиг л болж билээ. 

Солонгос орон сөхөрч ойчдогийн даваан дээр солонгос залуус ч гэсэн яг л өнөөгийн монгол залуус шиг хүний нутагт хөдөлмөрлөж байсан түүх саяхных. Ахмад настай, нэгэн солонгос хүний үг гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлж байсныг Тэсан надад хуучлав. “Залуу минь, өнөөгийн байгаа байдалдаа битгий гутар даа. Би ч гэсэн чам шиг цэл залуухан байхдаа Арабад олон сар жилээр ажиллан гэрийнхэн рүүгээ мөнгө илгээдэг байлаа. Олон мянган залуусын уйгагүй хөдөлмөрөөр л өнөөгийн Солонгос орон хөл дээрээ зогссон юм шүү дээ. Тиймээс чи ч гэсэн олсон бүх мөнгөө гэр лүүгээ аваад л яв. Нэг ширхэг өмд, нэг ширхэг оймс авахаар байсан ч Монголоосоо л ав. Нэг ч гэсэн воныг эх орондоо аваачиж оч” гэж хэлсэн гэдэг.

Эцэст нь өгүүлэхэд, айл нүүлгэнэ гэдэг амар хялбар ажил биш ээ. Би үүнийг бардам хэлж чадахаар байна. Залуу нас, эрүүл мэнд, хүсэл мөрөөдлөө “бооцоо”-нд тавьдаг ийм хатуу тоглоом хорвоод ховор биз ээ. Хүнд хүчир хөдөлмөр хийж байж л хэдэн цаас гэр лүүгээ илгээдэг ийм дуусашгүй, мөнхийн тойрогт олон монгол залуу “дөнгөлөгджээ”.

Тэсан ч бас дараа ирэхдээ исагаа хийх л байх гэж хэлсэн. Удалгүй тэр тэнгис далайг гатлан, уулсын дээгүүр ниссээр гэр лүүгээ буцсан юм. Хүүдээ өвлийн дулаан хүрэм, уут алим, бас Сөүлийн жимсний мухлагуудаар мэр сэр харагдах болсон эрт ургацын жүржнээс хэдхэнийг худалдаж аваад л тэр нисчихсэн. Тэсан өөр юм аваагүй ээ. Тэр олсон бүх мөнгөө аваад л буцсан.
Эх сурвалж: Чөлөөт сэтгүүлч Э.Энхцолмон 

Гутлын ч үнэгүй амьтад


“Газраас чулуу аваад шидэхэд “Приус” онох нь дамжиггүй. Дотроос нь годон гуталтай хүн бууж ирнэ. Тэр Соёлын тэргүүний ажилтан байх нь гарцаагүй” гэсэн үгийг сонсоогүй хүн үгүй биз. Одоо ч та ойр хавьдаа байгаа хүмүүсийг хараарай. Годон гуталтай хүн нэгээр тогтохгүй байж л байгаа.
Дулаахан, хөнгөн, халтирдаггүй, үс нь халцардаггүй годон гутал дүн өвлийн хүйтнээр чанар чансаагаа таниулдаг тул монгол хүүхнүүдийн хэрэглээ, заримынх нь бэл бэнчингээ гайхуулах боломж болж хувирлаа.
Сибирийн цааны арьсаар хийсэн годон гутал зарна” гэсэн зар хаа сайгүй, Улаанбаатарын дэлгүүрүүд ийм гутлыг 650 мянгаас нэг сая төгрөгөөр зарж байна.
Цаа хэт хүйтэн газарт амьдардаг болоод ч тэр үү үс нь халцардаггүй, нягт байдаг онцлогтой. Арьсан дээр нь тоос шороо, цас барагтай бол тогтдоггүй, цасанд нордоггүй. Тиймээс арьсаар нь хийсэн эдлэл маш чанартай, эдэлгээ сайтай болдог. Адуу, үхрээс нэг их дутахааргүй биетэй энэ амьтны дөрвөн год (өвдөгнөөс туурай хүртэлх арьс) ердөө өрөөсөн гутал хийхэд хүрэлцдэг аж.
Богино түрийтэй нэг хос гутал оёход хоёр цааны найман год хэрэгтэй. Ганцхан гутлын төлөө хоёр цааны амийг авдаг гэсэн үг. Бүхэл бүтэн амьд амьтны биеийнх нь арьсны жаахан хэсэг нь л гуталд хэрэгтэй болдог гэхээр үнэхээр харамсалтай. Тиймээс ч годон гутлын түрийг богино хийдэг юм билээ.
Год 10х14 см хэртэй. Үүнийг нойтон байхад нь татаж сунгана. Цааны арьсаар тува хүмүүс л гадуур хувцас хийж өмсдөг. Махыг нь Орос, Тувагийн цөөн ресторан л хоолонд хэрэглэдэг, монголчуудын олонх нь амсаж үзээ ч үгүй.
Үс нь өвөл цайвар, зун хүрэн буурал өнгөтэй болдог учраас цас орж хүйтэрсний дараа цааг төхөөрч, годоор нь гутал хийдэг юм байна. Анчид ширхэг годыг 30 мянга, нэг цааныхыг 120 мянган төгрөгөөр оёдолчдод зардаг аж. Түүгээр гутал хийвэл 3-4 дахин өндөр үнэ хүрдэг гэсэн үг.
Хөвсгөлийнхөн жуулчдад сармай дээлт чихэр, шилэнд дарсан загас, том талх, цааны эврээр хийсэн аяга, хутга зэрэг бэлэг дурсгалын зүйлсээс гадна годон гутлаа нутгийн брэнд хэмээн худалдаж авахыг санал болгодог. Монголчуудаар зогсохгүй Хөвсгөлөөр зочилсон гадаадынхан хүртэл годон гутал сураглаж, гар таталгүй худалдаж авдаг болохоор энэ аймгийн хойд талын сумдад цааны годон гутлын бизнес цэцэглэж, хулгайн анчид, оёдолчдын бүхэл бүтэн сүлжээ үүсчээ.
120.000 төгрөгийн төлөө энэ амьтныг алаад, годыг нь өвчиж аваад явчихсан байхад нь олжээ
Годон гутал борлуулалт сайтай бараа боловч цаа цөөн. Монголд зэрлэг, тэжээвэр гэсэн хоёр төрлийн цаа буга бий. Зэрлэг нь Хөвсгөлийн тайгад цөөн байдаг бол тэжээвэр нь мэдээж цаатнуудынх.
“Оросоос орж ирдэг 30-аад цаа л бий. Зэрлэг цаа бараг устсан даа. Мөр нь тааралдахгүй байгаа. Уг нь асар уудам нутагт тархсан, сүрэг сүргээрээ бэлчдэг байсан” гэж Улаан тайгын Улсын тусгай хамгаалалттай газруудын Хамгаалалтын захиргааны дарга Ж.Төмөрсүх ярив. Өрөөсөн гутлын л үнэтэй энэ амьтан Монгол оронд нэн ховордсон тул агнахыг 1953 онд хоригложээ.
Наймаачдын зарж буй годон гутлын ихэнх нь Оросынх. Манайхыг бодвол тэд цаа бугын аж ахуйтай учраас өсгөж үржүүлээд, ашиг тусыг нь хүртдэг. Гэхдээ тус улсын цаа бугын аж ахуйд аюул нүүрлээд байна. Арктикт оршин суудаг оросуудын 80 мянган цаа 2006-2013 онд хорогдож, 270 мянга үлджээ. Энд аравдугаар сараас далайн мөс зузаарч эхэлдэг байсан бол сүүлийн жилүүдэд хөлдөхөө больсон байна.
Үүний нөлөөгөөр ус ууршин, далайн эргээр хүчтэй салхи дэгдэх болжээ. Тэр салхинд өмнө зүг рүү туугдсан үүл цаа бугын бэлчээрт хүрч, бороо болон шаагидаг болоод буй аж. Жилийн ихэнх хугацаанд цасаар хучаастай байдаг тэр нутагт орсон бороо газрын гадаргыг мөстүүлсний уршгаар цаа буга өвс олж идэж чадахаа байгаад өлбөрч байгааг Финландын Рованими хотын Лапландын их сургуулийн багш Брюс Форбес sputniknews.com сайтад мэдээлсэн байна.
Арктикийн мөсөн хучлага нимгэрсэн явдал түүхэнд хоёр л удаа болсны нэг нь өнөө жил тохиолдож байгаа аж. Хөлсний булчирхайгүй, хүйтэнд амьдардаг цаа буганд энэ бол түгшүүр юм. Үүний хажуугаар цаа бугын сүрэгт боом өвчин гарсны улмаас 90 гаруй хүн халдвар аван, нэг хүүхэд нас баржээ.
Халдварыг газар авахуулахгүйн тулд өвчтэй цаануудыг устгаж, эрүүлийг нь вакцинжуулж байна. Боом бол салаа туурайтай амьтад, хүнд халддаг өвчин. Гэтэл боом Монголоос салахаа байсан. Үүний зэрэгцээ Монгол орон дэлхийн улс орнуудаас хамгийн эрчимтэй дулаарч буйд тооцогддог.
Монголын цаа буганд цаг уурын дулаарал, боомын аль аль нь одоохондоо аюул учруулаагүй байгаа ч учруулахгүй гэсэн баталгаа бас үгүй. Үүнээс өмнө монголчууд бид өөрсдөө цаагаа устгаж мэдэх юм. Учир нь Орост годон гутал ховордож, үнэ нь тэнгэрт хадчихвал Монголын цаа бугануудыг мөнгө болгож харах хүн улам олшрох аюултай.
Монголд тэжээвэр цаа байгааг 1764 онд анх бүртгэжээ. Тэгэхэд 22 цаатан 192 цаатай байсан бол 1978 онд 1882 болсон байв. Гэвч Хөвсгөлийн Цагааннуурт загасны аж ахуй байгуулж, цаатнуудыг царамнаас буулган, тэнд ажиллуулах болсноор 1985 онд цаа эргээд 540 болж хорогдсон түүхтэй. 1990 оноос цаг төр өөрчлөгдөж, Цагааннуурын загасны аж ахуй сөнөн, цаатан иргэд ажилгүй, тэтгэмжгүй болсноор цаатнууд цаа руугаа дайрчээ.
Бугын эвэр түүгчид Монгол орны уул толгодыг нэгжин тонголзож байсан он жилүүдэд цаа буга мөхлийн ирмэгт тулсан тул 1997 онд Монголын “Улаан ном”-нд хязгаарлагдмал тархацтай, нэн ховор амьтдын тоонд оруулан, бүртгэжээ. Хүмүүс эврийг нь авахын тулд зэрлэг цааг хүртэл ангуучилсаар бараг устгасан байна. Үүнээс хойш иргэдийн амьжиргаа арай дээрдэж, бугын эвэр түүх хүн үгүй болсноор цаа бүрмөсөн устахаас аврагдсан юм. Цаа сүүлийн жилүүдэд өсөж, 2015 оны эцсээр 1855-ыг тоолуулаад байна.
Годон гутлаас болоод амиа алдаж буй дараагийн амьтан бол хандгай. Намар цаатнуудын идшиндээ төхөөрдөг хэдэн цааны годоор хийсэн гутал дорхноо зарагддаг тул Хөвсгөл аймгийн хойд талын сумдын иргэд хулгайгаар буга, хандгай агнадаг болжээ. Хандгай цаа бугатай адил цас малтан, өвс гаргаж иддэг тул шилбэнийх нь арьс хатуу, үс нь халцардаггүй онцлогтой. Тэгээд ч цааны арьстай ойролцоо цайвар өнгөтэй тул гутал хийхэд тохиромжтой, цааныхаас ч гоё, гялалзсан үстэй гутал болдог аж.
Дэлхий дээр зургаан зүйлийн хандгай байдгаас манай оронд Сибирийн, шивэр хандгай гэсэн хоёр дэд зүйл нь тун цөөн тоогоор амьдардаг. 2012 онд шинэчлэн найруулсан Амьтны тухай хуулиар эдгээр хандгайг нэн ховор амьтны ангилалд оруулжээ. ШУА-ийн Биологийн хүрээлэн 2009 онд ойн туурайтан амьтны тооллого хийхэд Хянганы нуруу, Хөвсгөлийн тайгад 5000-7000 хандгай бүртгэгджээ.
Сибирийн хандгайн амьдрах нутгийн өмнөд хязгаар нь Хөвсгөлийн тайга. Тайгад сүргээрээ бэлчиж явдаг энэ сайхан амьтныг агнахдаа анчид хоёр хуваагдан, нэг талаас нь үргээхэд отоонд суусан анчин сум тоолон унагадаг гэнэ.
Үнэр авахдаа тааруу тэр амьтан бууны овоо хараанд өөрөө ороод ирдэг нь гаслантай. Эхийгээ үүрд босож ирэхгүйг ойлгохгүй хөөрхий янзагыг цусаа асгаруулан хэвтэх эхийгээ бараадан ирэхэд нь анчид буудчихдаг гэдэг. Тэртэй тэргүй ганцаараа амьдарч чадахгүй учраас янзагыг зовоолгүй “буян” үйлдэж байгаа нь тэр гэнэ лээ. 240-470 кг жинтэй нүсэр амьтны ердөө л дөрвөн годыг авах гэж хүмүүс тайгыг цусаар буддаг болжээ.
Хандгай цааг бодвол том амьтан ч гэлээ дөрвөн годоор нь нэг гутал хийж хүрэхгүй учраас нэг гутлын годтой харихын тулд анчин доод тал нь 2-3 хандгай намнадаг. Нас бие гүйцсэн гурван хандгайн годоор хоёр гутал, биеэр бага хоёр хандгайн годоор нэг гутал хийдэг юм байна. Агнасан хандгайнхаа дөрвөн годыг өвчиж, эврийг нь олон жижиг хэсэг болгон хөрөөдөж авна. Тэр том амьтнаас хулгайн анчдын авдаг зүйл ердөө энэ.
Махыг нь авна гэвэл олон морь, эсвэл машин тэрэг хэрэгтэй болохын зэрэгцээ баригдах эрсдэл нэмэгдэх тул хулгайн анчид тэгж аз туршдаггүй. Тэгээд ч метр зузаан цастай тайгад ямар ч машин явж чадахгүй. Тэд бусдад харагдаж, баригдалгүй хурдан зугтахын тулд хөтөлгөө морь, ихэвчлэн цаатай явдаг аж. Хөвсгөл аймгийн нэг иргэн 2012 онд ийм ан хийгээд баригдаж, таван жил хорих ялаар шийтгүүлжээ.
Түүнийг иргэдийн мэдээллээр илрүүлсэн байна. Тэгвэл 2014 онд хилийн бүс дэх олон нуурыг сахиж байгаад ус уухаар ирсэн хандгай намнасан цаатны хэргийг байгаль хамгаалагч, цагдаа нар хамтран илрүүлсэн ч нөгөөх нь “Би Монголын газар нутгаас хандгай агнаагүй. Хилийн цаанаас агнасан” хэмээн гүрийсээр хэргээ хэрэгсэхгүй болгуулж дөнгөжээ. 2015 онд хандгай буудсан нэг хүний хэргийг хараахан шалгаж дуусаагүй байгаа аж.
2011 оны нэгдүгээр сарын 25-нд Засгийн газраас гаргасан 23 дугаар тогтоолын I хавсралтаар нэн ховор амьтдын экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоосон байдаг. Үүгээр шивэр хандгайн эрийг 10, эмийг 12 сая төгрөгөөр үнэлжээ. Энэ үнэлгээг хоёр дахин нугалж төлүүлдэг. Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас нэн ховор амьтан агнасан хэрэгтэнд Эрүүгийн хуулийн 24.5 дахь заалтын дагуу 2-8 жил хорих ял оноох хүртэл арга хэмжээ авдаг.
Улаан тайгын Улсын тусгай хамгаалалттай газруудын Хамгаалалтын захиргааны дарга Ж.Төмөрсүх “Годон гутлыг Хөвсгөлд 500 мянгаас 800 мянган төгрөгөөр зардагХандгайн годоор хийсэн гутал хамгийн үнэтэй нь. Хөвсгөл аймгийн Хатгал суманд гэхэд годон гутал хийж зардаг нэг хүүхэн ч байдаг. Түүнд цаа, хандгай, бугын год авчирч өгдөг хүмүүс ч байдаг.
Цаа, хандгай агнаад годыг нь зардаг, түүнийг нь авч гутал оёдог, зардаг хүмүүсийн бүхэл бүтэн сүлжээ үүсчихлээ. Одоо ч гутлаа оёж байна. Үүний цаана хууль бусаар ан агнасан хэрэг нуугдаж байгаа. Цаа, хандгай, бугын годон гутлын цаана үйлдэгдэж буй байгаль орчны эсрэг гэмт хэргийн талаар хэн ч дуугарахгүй юм.
Ямар ч байцаагч, цагдаа, дарга үүнд санаа зовохгүй байна. Хандгай агнасан хүнийг би үйлдэл дээр нь барьж байсан удаатай. Манай эндхийн тайгад хандгай тун цөөн. Чандмань, Цагаан-Үүр суманд л цөөвтөр байдаг” гэсэн юм.
Манай орны хамгийн том амьтан болох хандгай өндөр үнэтэй, эрэлт ихтэй нэг гутлаас болоод ийн хулгайн анчдын овоо хараанд өртөж байна. Нуур руу яг л усны амьтан шиг орчихдог хэмээн хандгай харсан хэн ч хачирхаж, басхүү сүрлэг сайхныг нь бишрэн ярьдаг. Сүрлэг том биетэй атлаа богинохон настай, дөнгөж 10 жил амьдардаг эл амьтныг үргээгээд үүрд хил давуулчихвал манай улс хандгайгүй болно.
Гутал болж буй гурав дахь амьтан бол бугаХятад, солонгосчууд эврийг нь өндөр үнээр авдгаас болоод хядуулж байсан энэ амьтан өдгөө бууны овоо хараанд дахиад л онилогдов. Өвөл үс нь цайвар бор болдог тул тэр үед нь авладаг юм байнаБас л хоёр бугын годоор нэг гутал хийдэг1980 онд 140 мянган буга Монгол орны ойд бэлчиж байсан бол өдгөө 8000 болтлоо цөөрчээ.
Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газраас буга агнасан хэрэг 2015 оны нэг, зургадугаар сард хоёр удаа бүртгэгджээ. Халиун бугын эрийг намнавал экологи, эдийн засагт 6.6, эмийг хороовол 7.5 сая төгрөгийн хохирол учруулсанд тооцдог. Хөвсгөлийн тайгаас буга агнасан хэрэгтнүүдийн нэг нь экологи, эдийн засагт учруулсан хохирлын мөнгөн дүн болох 13.6 сая төгрөгөө төлсөн тул шүүх түүнд тэнсэн харгалзах ял оноожээ. Нөгөө нь төлөөгүй тул гурван жил зургаан сар хорих ялаар шийтгэсэн байна.
Тэжээвэр цаа, дархад адууг идэш уушиндаа хэрэглэхээр төхөөрсөн үед годоор нь гутал хийж болох юм. Харин буга, хандгайн годон гутлыг шууд хураан авч, улсын орлого болгож байхгүй бол зөвхөн хулгайн анчидтай тэмцээд нэмэргүй. Цаа, хандгай, буга гэсэн гурвын гурван амьтныг гутлын төлөө золиослоод, Монголын хаа сайгүй годон гуталтнууд жирийлгэж явахад хэн ч тэдгээр амьтанд санаа зовохгүй байна.
Шивэр хандгай, цаа буга зэрэг Монголд устаж буй амьтныг “Улаан ном”-нд үүрд үлдээхгүйн тулд удмын санг нь хадгалж, биотехнологийн аргаар үржүүлэх тухай өнөө цагт ярьж буй. Эцсийн мөчид л авдаг, ядсан арга шүү дээ. Засгийн газар 2011 онд 277 дугаар тогтоол гарган, “Нэн ховор, ховор амьтдыг хамгаалах үндэсний хөтөлбөр” баталж, “Нэн ховор, ховор амьтдын байршил нутгийг хамгаалахад түлхүү анхаарч ажилласны үр дүнд шивэр хандгай, шилмүүс мий, хавтгай, мазаалай, монгол бөхөн, зэгсний гахай, тахийн тархац нутгийг бүрэн хэмжээгээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд хамрууллаа” хэмээн тэмдэглэсэн байв.
Тусгай хамгаалалттай нутгаа яаж хамгаалдаг болоод нэн ховор амьтдыг анчид сүйтгээд байгаа хэрэг вэ. “Монголд амьтны амь үнэгүй. Тиймээс хэн дуртай нь агнаж, хууль бус анчдыг өөгшүүлж байна.
Дэлгүүрээс бараа алга болоход хэн хүнгүй сүйд болдог атлаа амьтны амь хороож байгаа хэргийн араас цагдаа нь ч явахгүй байна шүү дээ. Зэрлэг амьтны хувь заяа ийм эмгэнэлтэй байна. Үүнийг л өөрчлөх хэрэгтэй” гэсэн байгаль хамгаалагчийн үгийг Монголын иргэн бүрт дамжуулъя.
Эх сурвалж: Өнөөдөр сонины сэтгүүлч Х.Болормаа

Дуудаад ирэхгүй алсад

Хүн болгон мэнд мэдэлцэн гар барьж танилцах бүртээ “Аль нутгийн хүүхэд вэ?” гэж надаас асуудаг. Би “Хэнтий нутгийн хүүхэд” гэж хариулж сураагүй хүн дээ… Яагаад ч юм гуниг хургасан цээжинд минь энэ үг түрүүлж буудаггүй юм. Харин би “Өвгөн ноён Хардэл жанжин бэйс Пүрэвжавын нутгийн хүүхэд дээ” гэдэг. Хүн бүхэн л “Өө, Өндөрхааных, аваргын нутгийнх юм байна” гэцгээнэ. Харин одоо миний найзуудын ихэнх нь “Өвгөн ноён гэж хэн юм бэ” гэж асуудаг. Сэтгэл эмзэглэмээр…
Өвгөн ноёны гуулин хээр, зандан хүрэн, зандан шоо, хонгор зээрд гээд л халхын домогт хурдан хүлгүүдийн тухай үлгэр домгийг аав минь надаар яриулах дуртайсан. Хүн бүр аавыг минь танихгүй. Тиймээс л би аавыгаа дурсан санаж, хүмүүстэй танилцах бүртээ “Өвгөн ноёны нутгийн хүүхэд” гэж хэлдэг юм.
Би айлын ганц хүү. Дээрээ нэг эгчтэй. Эгчийн минь дээр олон охин төрөөд тогтоогүй гэдэг юм. Ижий аавдаа тогтож үлдсэн нь бид хоёр шүү дээ. Бурхан зарим нэг хүний нуруун дээр зовлонг хэмжээ хязгааргүй овоолж орхиод эргэж хардаггүйн хэцүү жишээ энэ.
Хэнтий аймгийн Батноров сум, Гурван Баяны хоолой, Уртын голын хөндий, Цагаан нуурын эрэгт миний бага нас өнгөрчээ. Голомтыг нь залгах ганц хүү нь гурван нас хүрч дэгэж дэрвэх насандаа хүрсэн ч ямар өвчин туссан нь үл мэдэгдэж шөнөжингөө уйлж, өдөр нь сэрэх ч үгүй нүдээ анин унтах болжээ. Аав минь амь болсон хүүгийнхээ төлөө өр зүрх нь зүсэгдэж, адуугаа хураан шогшиж явахдаа эзгүй талд хэчнээн их уйлсан бол доо гэж бодохоор цээжин доторхи бүхий л эд эрхтэн минь урагдах шиг болдог.
Хавар болохоор Уртын гол эргээ халин үерлэж Гурван Баяны хоолойг алсын уулын оройгоос харвал аварга том мөнгөлөг халимны нуруун дээгүүр адуу мал бэлчээрлэн яваа шиг үзэгддэг. Тэр өдрүүдийн нэгэнд холын хүмүүс Уртын голын дунд гарам дээр наашаа ч үгүй, цаашаа ч үгүй гацаж орхижээ. Ах, аав хоёр минь усанд хөллөдөг хоёр том шараараа машиныг нь татаж гаргасан гэдэг. Хожим би долоон настайдаа тэр хоёр үхрийн дэргэд очин, номхон шарга мориныхоо амыг нь татан алхааг нь зөөлрүүлж байгаад дөрөөн дээрээ өндийтөл надаас өндөр байж билээ. Тийм л том эр үхэрнүүд өнөөдөр Хөхүүрийн номин талд ховордож байгаа нь харамсмаар…
Өнөөх машины урд суудал дээр лам байрын хүн сууж явааг хараад ах минь “Манай ахын хүү нь өвдчихөөд байгаа юм аа. Та үзээд өгөөч” гэсэн гэдэг. Сүхбаатарын уугуул иргэн Д.Давааням гэдэг тэр лам намайг гурав үлээчихээд гарсан юм гэнэ лээ. Түүнийг гарсны дараа би гэрийнхээ ганц гоёл болсон хээтэй ногоон хивсэн дээр далай шиг их шээчихээд л эгчийнхээ тоглоомноос булаацалдан тоглож гарсан гэдэг. Ингэж л шөнө болохоор үүд рүүгээ зааж ногоон гэрэл асаад байна, авдран дээр байгаа улаан гэрлийг унтраагаач хэмээн уйлж, ижий аав хоёрынхоо нойрыг олон удаа хугасласан муу хүү нь хүн болсон түүхтэй юмсанж.
Миний аав адуучин хүн байлаа. Аавын минь адуунд, наадамд унадаг ганган хийцтэй хос морьд олон. Асрын өмнө торгон жолоо өргүүлсэн аргамаг хүлгүүд ч олон. Наадамд унадаг гоё сайхан морьд адуун дундаас нь барих гээд очиход уран толгойдоо хуйв хүргэлгүй надаас хулжин оддогсон. Харин аав минь тэднийг ганцаар, саргүй шөнөөр ч оосорлоод барьчихдаг байж билээ. Аав минь БНМАУ-ын эмнэг хангал сургалтын спортын мастер хүн. Энэ цолыг бүр наймдугаар ангид байхдаа хүртсэн гэж байгаа. Одоо ч ээжийн минь арслантай авдрын дээд талын тавиур дээр жижигхэн улаан үнэмлэх байдаг. Түүн дээр “Төрөлх сургуулийнхаа түүхэнд тэмдэглэгдэх гавьяат үйлсийг бүтээж БНМАУ-ын эмнэг хангал сургалтын спортын мастер цолны болзол хангасан тул үнэмлэх олгов” хэмээн бичсэн нь буй. Аав минь ийм л гавьяатай хүн. Хулан шиг ардаг, омголон хүлгүүд аавыг минь дэлтэй шарга мориндоо уургаа тулан очиход хонь шиг номхон болчихдог. Басхүү Батноров сумынхаа наадамд хоёр жил дараалан их насны дөрвөн морио айргийн тавд цоллуулж байсан удаатай. Сум бүү хэл овооны наадамд ч нэг хүний уясан дөрвөн морь айргийн тавд цуварч ирсэн түүх Сэцэнханы нутагт лав үгүй.

Аав минь гаднаа бусад аавуудын л адил уурлаж, зандардаг хүн байсан. Гэвч аавын минь дотор хүү, охин хоёроо л гэсэн хайр үргэлж нуугдаж, сэтгэлийг нь баясгаж, бас гуниглуулдаг байсан биз ээ. Нэгэн үе “Халтар царайт”-ыг үзэхээр аавын дүү Г.Бадамсүрэн ахынд бид хоёр орой болгон зочилдог байсан юм. Кино хараахан гарах болоогүй, би гадаа хүүхдүүдтэй тоглож байгаад орж иртэл аав дэргэдээ гурвын бетонтой юм тавьчихсан ууж сууна. “Та архи уугаад байна уу” гээд л ширүүхэн асуутал “Үгүй ээ, аав нь ус л ууж байна шүү дээ” гэв. Би ч үнэртэж үзээд тархи мансуурам үнэр хамар үл цоргиж байсан учир “Аан тийм байна” гэчихээд л гараад гүйчихэв. Тоглож байгаад киногоо ч мартаж орхижээ. Гэр рүүгээ харих замд аав минь морин дээрээ гуйвж дайвна. Өглөө мэдэхнээ нэрмэл ууж суусан юм билээ л дээ. Аав гэрийнхээ гадаа ирж уяаны дэргэд буугаад хүүгээ өвөр дээрээ суулган “Аав нь хүүдээ юм яръя” гэж байна. “Ядаргаатай юм бэ, та одоо! Хүүгээ хуурч архи уучихаад юугаа ярих гээд байгаа юм!” Аав ч чимээгүйхэн л гэртээ оронгуут хоймортоо сууж тамхилчихаад унтахаар хэвтлээ. “Чи аавыгаа уурлуулчихсан юм уу” гээд ээж над руу харав. Одоо ч ээжийн зэмлэсэн харц, аавынхаа гомдсон дүрийг дотроо ургуулах бүрийд нутгийн минь уул шиг хөх өвгөчүүлийн уурганы хуйв нуруун дундуур минь тасхийх шиг болдог. Харин би аавыгаа ганц л баярлуулсан шиг санагдана. Хэдэн настай байснаа яг таг санадаггүй юм. Аав минь надаас “Миний хүү дотор нь ороод суудаг, өөрөө гишгээд “үрүүл”-ийг нь залаад явдаг удирдлагатай машин авах уу? Ахындаа байдаг шиг зурагттай болох уу?” гэж асуулаа. Тэр үед МУГЖ, зууны манлай эстрадын дуучин, поп дива Сарантуяагийн “Салхины хээ” дууг сонсож, тэрхүү дуундаа дурласан жаалхүү байсан юм. Би зурагттай болохыг хүссэн. Аав минь баярлаж байна гэж жигтэйхэн, яг л хүүхэд шиг хөөрч байв. “Миний хүү ч эрдэмтэй хүн болно оо” гээд зулайг минь үнэрлэж суусан нь санаанаас ер гардаггүй юм. Муу аавыгаа баярлуулж, бас гомдоож, инээлгэж, өр лүү нь өшиглөн уйлуулж өсчээ, би.
Олон сайхан морины дуунууд сонсоод л суух дуртай хүн байж билээ. Надаар дуулуулах бүр их дуртай, би ч дуулж өгөх дуртай. Ингээд л аав минь янжуураа асааж, би ч
“Холын газраас бөмбөрөн гүйгээд
Холхи газрын хаяа хүрнэ ээ
Хүннү үеэс цуутай ажнай
Хүслийн алдрай дэлтэй шувуу” гээд хэрэндээ л сайхан дуулах гэж хичээнэ. Харин аавын минь “Ийм сайхан дууг хамгийн сайн дуучин аавд нь дуулж өгсөн юм чинь хоёулангийнх нь саарал халзан морь айраг амсана даа” гэж байна. “Тэр сайн дуучин нь хэн юм бэ, аав аа” гэхэд минь ишинд нь тултал сорсон янжуураа ээтэн гутлынхаа зулган дээр нухчиж унтраачихаад өөдөөс минь инээмсэглэв. Тэгснээ “Миний муу шар хүү л байхгүй юу” гэлээ. Тэр өглөө морь минь дөрвөн хөлөө нугалчихаад хазаар даран хэвтэж байв. Ах минь ирээд “Бал ахаа, саарал халзан өнөөдөр мултрах байх аа, явуулаад дэмий юм биш үү” гэлээ. Дотор минь палхийгээд л явчихав. Би наадамд уралдахгүй өнжинө гэхээс туйлын ихээр айдаг байсан. Харин аав минь “Үгүй, жинхэнэ туранхай ир нь орчихсон байна шүү дээ” гэв. Үнэхээр л би саарал халзантайгаа магнайдаа тоосгүй түрүүлсэн дээ. Аав минь хүүгээ бус мориныхоо алтан толиур магнайн дээр уруулаа наан үнсэж байсныг би тодхон санадаг. Санах бүрийд л дотор минь нэгэн зүйл сэрж, хоолой минь хорсож, нүдэн дээгүүр нулимс бүрхээд л ирнэ. Аав минь молор эрдэнээ ингэж л хайрладаг хүн байлаа.
Жаахан халамцаад ирэхээрээ 
“Долоовор хуруундаа зүүний сорвитой
Дээлийнхээ энгэрт сүүний үнэртэй
Орсон гарсанд дуутай, цайтай
Олонтой явахын заяа түшсэн
Ай даа, хань минь чи наддаа
Амьдрал ивээх нар минь юм даа”
хэмээн дуулна. Тэгснээ төгсгөлийн бадгийг шуудхан үргэлжүүлж 
“Цагийн урсгалаар хайр минь лавшраад
Цайных нь амтанд хамт сүлэгдээд
Цуварч уурлаж, цугтаа инээж
Цаанаа чи минь намбатай болжээ” гээд дуулж дуусав уу, үгүй юу нүд нь чийгтэж орхисон байдагсан. Эр хүний нулимс ховорхон унадаг гэж ярьдаг. Үүн шиг үнэн зүйл үгүй юм шиг. Гэвч эр хүн заримдаа бүсгүйчүүдээс ч уяхан болчихдог үе байдаг шүү дээ…

Аав минь Хэнтий аймгийн Алдарт уяач цол хүртсэн өдөр. Дүү нарын хамт

Аавынхаа өвдөж, зовж байсныг би лав үзээгүй. Дэндүү омголон, дэндүү тансагхан амьдралыг аав минь туулсан. Товруу мөнгөн хазаар, Тожил хийцийн их гарын эмээл, морин зуузайтай амгайвч, уяаны эргүүлэг, хулсан ташуур, өлзий хээтэй ган дөрөө, суран бугуйл, оонын арьсан хуйв, хүрэн торгон дээл, бажгар шар дурдан, элдсэн сурнуудаа тосолж хадгалсан хөх модон авдар, дэлийг нь зассан хос морьд л аавын минь гоёл байлаа. Ёстой ганган хүн дээ, миний аав. Сургуулийн амралт болохоор аавыгаа хүлээн сумын төвийн зүүн хойд дэнж дээр гараад суудагсан. Аав минь ергөө хул морио уначихсан, хүүгийнхээ номхон шарга моринд жижигхэн мөнгөн дөрөөтэй эмээлийг минь тохчихсон Бүрдэн толгойн энгэрээр ёстой л нэг товолзтол хатируулсаар гарч ирнэ. Манай суманд лав над шиг мөнгөн дөрөөтэй, хоёр бүүргэндээ хээтэй хөнгөн цагаан баавартай ганган эмээлтэй хүүхэд байгаагүй юм шүү. Товч нь тасарчихсан дээлийнхээ хормойг салхинд дэрвүүлсээр аавыгаа тосч гүйнэ. “Та намайг шүүрээд л моринд минь мордуулаарай” гэж явуут дундаа хашгирна. Хөтөлгөө мориных нь эсрэг талаар гүйхээ ч би мэднэ. Аав минь намайг сэвхийтэл өргөж аваад л эмээл дээр суулгачихдагсан. Цэнхэр зэрэглээ наадсан Хөхүүрийн номин талд энэ торгон агшин жилд хоёр удаа давтагддаг байлаа. Тэр мөч л миний хамгийн аз жаргалтай үе байсан. Гэвч одоо дурсан суухад өөрийн эрхгүй самсаа минь шархирч байнам. Энэ дурсамжийг гээчихье гэхээр буцах шувуудын жигүүр даахгүй, голын урсгал эргээ балбан тэлчлээд урсаж өгөхгүй зовооно. Тэгээд л дотор минь оршсоор буй нь энэ.
Ийм гэгээн тунгалаг эцэг хүнийг тэнгэр өршөөсөнгүй. Аав минь хамгийн очих дургүй газар болох “Халдвар судлалын үндэсний төв”-д амьсгал хураасан билээ. Эргэж очих бүрийд минь “Аав нь зүгээр ээ, аав нь өвдөөгүй шүү дээ” гэнэ. Харин тэнгэрт халихынхаа өмнөх өдөр ээжид минь “Ямар их өвдөж байна аа. Болдогсон бол уйлмаар л байна, даанч би жаахан хүүхэд биш шүү дээ” гэсэн гэдэг. Ээж минь сүүлд нь уйлж суухдаа энэ үгийг хэлж билээ. Би ч өөрийн эрхгүй дагаад уйлчихсан. Хоёрдугаар курсын оюутан би “Үндэсний мэдээ” сонинд ажиллаж байсан цаг. Ажил гэж гүйсээр аавыгаа ч олигтой асарч чадаагүйгээ бодохоор гишгэсэн мөр бүхнээ баллаж орхиод араас нь явчихмаар санагддаг. Гэхдээ дуу шиг холын алсад суугаа аав минь хүүгээ тосч аваад өвөр дээрээ суулгахгүй бол яана гэхээс айдаг, гомдож тунирхсан эр хүн дуугаа хураачихаад л чимээгүй суудаг юм шүү дээ.
Аавынхаа сүүлчийн үгийг би сонсч амжаагүй. Харин нөгчихөөс нь хэд хоногийн өмнө өвөрт нь хоносондоо дотроо баярлаж явдаг. Өглөө унтаж байгаа дүр үзүүлэн хэвтэхэд аав минь эгчид ийн ярьж сууна. “Хүү минь миний өвөрт хоночихлоо. Уг нь би том болсон хүн шүү дээ гээд унтдаггүй юм. Харин өчигдөр аавынхөө хөлийг шөнөжин барьж суугаад үүрээр л нэг юм дугхийв шив дээ. Ах нь ч эдгэсэн юм шиг сайхан байна” гэж билээ. Тийм ээ, аав минь өвчин тусаагүй, туссан өвчин нь эдгэчихээд тэнгэрт гарсан гэж би боддог. Удахгүй буугаад ирнэ.
“Бодлынхоо үзүүрт аавтайгаа
Уулзах гэж өндөлзөн сууна би
Багынхаа зангаар замыг нь 
тосоод
Гүймээр хүүд чинь санагдана
Хазаарын амгай ханхийхэд
Самсай минь аяндаа борхирдог
Холын холоос аавыгаа эрэх л гээд
Хорвоогийн наран эргэдэгсэн
Тэртээг зорьсон аавыгаа
Ирнэ гэж хүлээдэг би аавтай хүн
Хүү минь хаана байна гээд
Хүрээд ирэхийг нь хүлээж суудаг би аавтай хүн” гэж дуулдаг юм, уйлдаг юм, би.
Даанч та минь дуулаад, уйлаад, дуудаад ирэхгүй алсад…
Эх сурвалж: Нээлттэй хаалга сонины сэтгүүлч, яруу найрагч Алтанхуяг