“Газраас чулуу аваад шидэхэд “Приус” онох нь дамжиггүй. Дотроос нь годон гуталтай хүн бууж ирнэ. Тэр Соёлын тэргүүний ажилтан байх нь гарцаагүй” гэсэн үгийг сонсоогүй хүн үгүй биз. Одоо ч та ойр хавьдаа байгаа хүмүүсийг хараарай. Годон гуталтай хүн нэгээр тогтохгүй байж л байгаа.
Дулаахан, хөнгөн, халтирдаггүй, үс нь халцардаггүй годон гутал дүн өвлийн хүйтнээр чанар чансаагаа таниулдаг тул монгол хүүхнүүдийн хэрэглээ, заримынх нь бэл бэнчингээ гайхуулах боломж болж хувирлаа.
“Сибирийн цааны арьсаар хийсэн годон гутал зарна” гэсэн зар хаа сайгүй, Улаанбаатарын дэлгүүрүүд ийм гутлыг 650 мянгаас нэг сая төгрөгөөр зарж байна.
Цаа хэт хүйтэн газарт амьдардаг болоод ч тэр үү үс нь халцардаггүй, нягт байдаг онцлогтой. Арьсан дээр нь тоос шороо, цас барагтай бол тогтдоггүй, цасанд нордоггүй. Тиймээс арьсаар нь хийсэн эдлэл маш чанартай, эдэлгээ сайтай болдог. Адуу, үхрээс нэг их дутахааргүй биетэй энэ амьтны дөрвөн год (өвдөгнөөс туурай хүртэлх арьс) ердөө өрөөсөн гутал хийхэд хүрэлцдэг аж.
Богино түрийтэй нэг хос гутал оёход хоёр цааны найман год хэрэгтэй. Ганцхан гутлын төлөө хоёр цааны амийг авдаг гэсэн үг. Бүхэл бүтэн амьд амьтны биеийнх нь арьсны жаахан хэсэг нь л гуталд хэрэгтэй болдог гэхээр үнэхээр харамсалтай. Тиймээс ч годон гутлын түрийг богино хийдэг юм билээ.
Год 10х14 см хэртэй. Үүнийг нойтон байхад нь татаж сунгана. Цааны арьсаар тува хүмүүс л гадуур хувцас хийж өмсдөг. Махыг нь Орос, Тувагийн цөөн ресторан л хоолонд хэрэглэдэг, монголчуудын олонх нь амсаж үзээ ч үгүй.
Үс нь өвөл цайвар, зун хүрэн буурал өнгөтэй болдог учраас цас орж хүйтэрсний дараа цааг төхөөрч, годоор нь гутал хийдэг юм байна. Анчид ширхэг годыг 30 мянга, нэг цааныхыг 120 мянган төгрөгөөр оёдолчдод зардаг аж. Түүгээр гутал хийвэл 3-4 дахин өндөр үнэ хүрдэг гэсэн үг.
Хөвсгөлийнхөн жуулчдад сармай дээлт чихэр, шилэнд дарсан загас, том талх, цааны эврээр хийсэн аяга, хутга зэрэг бэлэг дурсгалын зүйлсээс гадна годон гутлаа нутгийн брэнд хэмээн худалдаж авахыг санал болгодог. Монголчуудаар зогсохгүй Хөвсгөлөөр зочилсон гадаадынхан хүртэл годон гутал сураглаж, гар таталгүй худалдаж авдаг болохоор энэ аймгийн хойд талын сумдад цааны годон гутлын бизнес цэцэглэж, хулгайн анчид, оёдолчдын бүхэл бүтэн сүлжээ үүсчээ.
120.000 төгрөгийн төлөө энэ амьтныг алаад, годыг нь өвчиж аваад явчихсан байхад нь олжээ
Годон гутал борлуулалт сайтай бараа боловч цаа цөөн. Монголд зэрлэг, тэжээвэр гэсэн хоёр төрлийн цаа буга бий. Зэрлэг нь Хөвсгөлийн тайгад цөөн байдаг бол тэжээвэр нь мэдээж цаатнуудынх.
“Оросоос орж ирдэг 30-аад цаа л бий. Зэрлэг цаа бараг устсан даа. Мөр нь тааралдахгүй байгаа. Уг нь асар уудам нутагт тархсан, сүрэг сүргээрээ бэлчдэг байсан” гэж Улаан тайгын Улсын тусгай хамгаалалттай газруудын Хамгаалалтын захиргааны дарга Ж.Төмөрсүх ярив. Өрөөсөн гутлын л үнэтэй энэ амьтан Монгол оронд нэн ховордсон тул агнахыг 1953 онд хоригложээ.
Наймаачдын зарж буй годон гутлын ихэнх нь Оросынх. Манайхыг бодвол тэд цаа бугын аж ахуйтай учраас өсгөж үржүүлээд, ашиг тусыг нь хүртдэг. Гэхдээ тус улсын цаа бугын аж ахуйд аюул нүүрлээд байна. Арктикт оршин суудаг оросуудын 80 мянган цаа 2006-2013 онд хорогдож, 270 мянга үлджээ. Энд аравдугаар сараас далайн мөс зузаарч эхэлдэг байсан бол сүүлийн жилүүдэд хөлдөхөө больсон байна.
Үүний нөлөөгөөр ус ууршин, далайн эргээр хүчтэй салхи дэгдэх болжээ. Тэр салхинд өмнө зүг рүү туугдсан үүл цаа бугын бэлчээрт хүрч, бороо болон шаагидаг болоод буй аж. Жилийн ихэнх хугацаанд цасаар хучаастай байдаг тэр нутагт орсон бороо газрын гадаргыг мөстүүлсний уршгаар цаа буга өвс олж идэж чадахаа байгаад өлбөрч байгааг Финландын Рованими хотын Лапландын их сургуулийн багш Брюс Форбес sputniknews.com сайтад мэдээлсэн байна.
Арктикийн мөсөн хучлага нимгэрсэн явдал түүхэнд хоёр л удаа болсны нэг нь өнөө жил тохиолдож байгаа аж. Хөлсний булчирхайгүй, хүйтэнд амьдардаг цаа буганд энэ бол түгшүүр юм. Үүний хажуугаар цаа бугын сүрэгт боом өвчин гарсны улмаас 90 гаруй хүн халдвар аван, нэг хүүхэд нас баржээ.
Халдварыг газар авахуулахгүйн тулд өвчтэй цаануудыг устгаж, эрүүлийг нь вакцинжуулж байна. Боом бол салаа туурайтай амьтад, хүнд халддаг өвчин. Гэтэл боом Монголоос салахаа байсан. Үүний зэрэгцээ Монгол орон дэлхийн улс орнуудаас хамгийн эрчимтэй дулаарч буйд тооцогддог.
Монголын цаа буганд цаг уурын дулаарал, боомын аль аль нь одоохондоо аюул учруулаагүй байгаа ч учруулахгүй гэсэн баталгаа бас үгүй. Үүнээс өмнө монголчууд бид өөрсдөө цаагаа устгаж мэдэх юм. Учир нь Орост годон гутал ховордож, үнэ нь тэнгэрт хадчихвал Монголын цаа бугануудыг мөнгө болгож харах хүн улам олшрох аюултай.
Монголд тэжээвэр цаа байгааг 1764 онд анх бүртгэжээ. Тэгэхэд 22 цаатан 192 цаатай байсан бол 1978 онд 1882 болсон байв. Гэвч Хөвсгөлийн Цагааннуурт загасны аж ахуй байгуулж, цаатнуудыг царамнаас буулган, тэнд ажиллуулах болсноор 1985 онд цаа эргээд 540 болж хорогдсон түүхтэй. 1990 оноос цаг төр өөрчлөгдөж, Цагааннуурын загасны аж ахуй сөнөн, цаатан иргэд ажилгүй, тэтгэмжгүй болсноор цаатнууд цаа руугаа дайрчээ.
Бугын эвэр түүгчид Монгол орны уул толгодыг нэгжин тонголзож байсан он жилүүдэд цаа буга мөхлийн ирмэгт тулсан тул 1997 онд Монголын “Улаан ном”-нд хязгаарлагдмал тархацтай, нэн ховор амьтдын тоонд оруулан, бүртгэжээ. Хүмүүс эврийг нь авахын тулд зэрлэг цааг хүртэл ангуучилсаар бараг устгасан байна. Үүнээс хойш иргэдийн амьжиргаа арай дээрдэж, бугын эвэр түүх хүн үгүй болсноор цаа бүрмөсөн устахаас аврагдсан юм. Цаа сүүлийн жилүүдэд өсөж, 2015 оны эцсээр 1855-ыг тоолуулаад байна.
Годон гутлаас болоод амиа алдаж буй дараагийн амьтан бол хандгай. Намар цаатнуудын идшиндээ төхөөрдөг хэдэн цааны годоор хийсэн гутал дорхноо зарагддаг тул Хөвсгөл аймгийн хойд талын сумдын иргэд хулгайгаар буга, хандгай агнадаг болжээ. Хандгай цаа бугатай адил цас малтан, өвс гаргаж иддэг тул шилбэнийх нь арьс хатуу, үс нь халцардаггүй онцлогтой. Тэгээд ч цааны арьстай ойролцоо цайвар өнгөтэй тул гутал хийхэд тохиромжтой, цааныхаас ч гоё, гялалзсан үстэй гутал болдог аж.
Дэлхий дээр зургаан зүйлийн хандгай байдгаас манай оронд Сибирийн, шивэр хандгай гэсэн хоёр дэд зүйл нь тун цөөн тоогоор амьдардаг. 2012 онд шинэчлэн найруулсан Амьтны тухай хуулиар эдгээр хандгайг нэн ховор амьтны ангилалд оруулжээ. ШУА-ийн Биологийн хүрээлэн 2009 онд ойн туурайтан амьтны тооллого хийхэд Хянганы нуруу, Хөвсгөлийн тайгад 5000-7000 хандгай бүртгэгджээ.
Сибирийн хандгайн амьдрах нутгийн өмнөд хязгаар нь Хөвсгөлийн тайга. Тайгад сүргээрээ бэлчиж явдаг энэ сайхан амьтныг агнахдаа анчид хоёр хуваагдан, нэг талаас нь үргээхэд отоонд суусан анчин сум тоолон унагадаг гэнэ.
Үнэр авахдаа тааруу тэр амьтан бууны овоо хараанд өөрөө ороод ирдэг нь гаслантай. Эхийгээ үүрд босож ирэхгүйг ойлгохгүй хөөрхий янзагыг цусаа асгаруулан хэвтэх эхийгээ бараадан ирэхэд нь анчид буудчихдаг гэдэг. Тэртэй тэргүй ганцаараа амьдарч чадахгүй учраас янзагыг зовоолгүй “буян” үйлдэж байгаа нь тэр гэнэ лээ. 240-470 кг жинтэй нүсэр амьтны ердөө л дөрвөн годыг авах гэж хүмүүс тайгыг цусаар буддаг болжээ.
Хандгай цааг бодвол том амьтан ч гэлээ дөрвөн годоор нь нэг гутал хийж хүрэхгүй учраас нэг гутлын годтой харихын тулд анчин доод тал нь 2-3 хандгай намнадаг. Нас бие гүйцсэн гурван хандгайн годоор хоёр гутал, биеэр бага хоёр хандгайн годоор нэг гутал хийдэг юм байна. Агнасан хандгайнхаа дөрвөн годыг өвчиж, эврийг нь олон жижиг хэсэг болгон хөрөөдөж авна. Тэр том амьтнаас хулгайн анчдын авдаг зүйл ердөө энэ.
Махыг нь авна гэвэл олон морь, эсвэл машин тэрэг хэрэгтэй болохын зэрэгцээ баригдах эрсдэл нэмэгдэх тул хулгайн анчид тэгж аз туршдаггүй. Тэгээд ч метр зузаан цастай тайгад ямар ч машин явж чадахгүй. Тэд бусдад харагдаж, баригдалгүй хурдан зугтахын тулд хөтөлгөө морь, ихэвчлэн цаатай явдаг аж. Хөвсгөл аймгийн нэг иргэн 2012 онд ийм ан хийгээд баригдаж, таван жил хорих ялаар шийтгүүлжээ.
Түүнийг иргэдийн мэдээллээр илрүүлсэн байна. Тэгвэл 2014 онд хилийн бүс дэх олон нуурыг сахиж байгаад ус уухаар ирсэн хандгай намнасан цаатны хэргийг байгаль хамгаалагч, цагдаа нар хамтран илрүүлсэн ч нөгөөх нь “Би Монголын газар нутгаас хандгай агнаагүй. Хилийн цаанаас агнасан” хэмээн гүрийсээр хэргээ хэрэгсэхгүй болгуулж дөнгөжээ. 2015 онд хандгай буудсан нэг хүний хэргийг хараахан шалгаж дуусаагүй байгаа аж.
2011 оны нэгдүгээр сарын 25-нд Засгийн газраас гаргасан 23 дугаар тогтоолын I хавсралтаар нэн ховор амьтдын экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоосон байдаг. Үүгээр шивэр хандгайн эрийг 10, эмийг 12 сая төгрөгөөр үнэлжээ. Энэ үнэлгээг хоёр дахин нугалж төлүүлдэг. Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас нэн ховор амьтан агнасан хэрэгтэнд Эрүүгийн хуулийн 24.5 дахь заалтын дагуу 2-8 жил хорих ял оноох хүртэл арга хэмжээ авдаг.
Улаан тайгын Улсын тусгай хамгаалалттай газруудын Хамгаалалтын захиргааны дарга Ж.Төмөрсүх “Годон гутлыг Хөвсгөлд 500 мянгаас 800 мянган төгрөгөөр зардаг. Хандгайн годоор хийсэн гутал хамгийн үнэтэй нь. Хөвсгөл аймгийн Хатгал суманд гэхэд годон гутал хийж зардаг нэг хүүхэн ч байдаг. Түүнд цаа, хандгай, бугын год авчирч өгдөг хүмүүс ч байдаг.
Цаа, хандгай агнаад годыг нь зардаг, түүнийг нь авч гутал оёдог, зардаг хүмүүсийн бүхэл бүтэн сүлжээ үүсчихлээ. Одоо ч гутлаа оёж байна. Үүний цаана хууль бусаар ан агнасан хэрэг нуугдаж байгаа. Цаа, хандгай, бугын годон гутлын цаана үйлдэгдэж буй байгаль орчны эсрэг гэмт хэргийн талаар хэн ч дуугарахгүй юм.
Ямар ч байцаагч, цагдаа, дарга үүнд санаа зовохгүй байна. Хандгай агнасан хүнийг би үйлдэл дээр нь барьж байсан удаатай. Манай эндхийн тайгад хандгай тун цөөн. Чандмань, Цагаан-Үүр суманд л цөөвтөр байдаг” гэсэн юм.
Манай орны хамгийн том амьтан болох хандгай өндөр үнэтэй, эрэлт ихтэй нэг гутлаас болоод ийн хулгайн анчдын овоо хараанд өртөж байна. Нуур руу яг л усны амьтан шиг орчихдог хэмээн хандгай харсан хэн ч хачирхаж, басхүү сүрлэг сайхныг нь бишрэн ярьдаг. Сүрлэг том биетэй атлаа богинохон настай, дөнгөж 10 жил амьдардаг эл амьтныг үргээгээд үүрд хил давуулчихвал манай улс хандгайгүй болно.
Гутал болж буй гурав дахь амьтан бол буга. Хятад, солонгосчууд эврийг нь өндөр үнээр авдгаас болоод хядуулж байсан энэ амьтан өдгөө бууны овоо хараанд дахиад л онилогдов. Өвөл үс нь цайвар бор болдог тул тэр үед нь авладаг юм байна. Бас л хоёр бугын годоор нэг гутал хийдэг. 1980 онд 140 мянган буга Монгол орны ойд бэлчиж байсан бол өдгөө 8000 болтлоо цөөрчээ.
Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газраас буга агнасан хэрэг 2015 оны нэг, зургадугаар сард хоёр удаа бүртгэгджээ. Халиун бугын эрийг намнавал экологи, эдийн засагт 6.6, эмийг хороовол 7.5 сая төгрөгийн хохирол учруулсанд тооцдог. Хөвсгөлийн тайгаас буга агнасан хэрэгтнүүдийн нэг нь экологи, эдийн засагт учруулсан хохирлын мөнгөн дүн болох 13.6 сая төгрөгөө төлсөн тул шүүх түүнд тэнсэн харгалзах ял оноожээ. Нөгөө нь төлөөгүй тул гурван жил зургаан сар хорих ялаар шийтгэсэн байна.
Тэжээвэр цаа, дархад адууг идэш уушиндаа хэрэглэхээр төхөөрсөн үед годоор нь гутал хийж болох юм. Харин буга, хандгайн годон гутлыг шууд хураан авч, улсын орлого болгож байхгүй бол зөвхөн хулгайн анчидтай тэмцээд нэмэргүй. Цаа, хандгай, буга гэсэн гурвын гурван амьтныг гутлын төлөө золиослоод, Монголын хаа сайгүй годон гуталтнууд жирийлгэж явахад хэн ч тэдгээр амьтанд санаа зовохгүй байна.
Шивэр хандгай, цаа буга зэрэг Монголд устаж буй амьтныг “Улаан ном”-нд үүрд үлдээхгүйн тулд удмын санг нь хадгалж, биотехнологийн аргаар үржүүлэх тухай өнөө цагт ярьж буй. Эцсийн мөчид л авдаг, ядсан арга шүү дээ. Засгийн газар 2011 онд 277 дугаар тогтоол гарган, “Нэн ховор, ховор амьтдыг хамгаалах үндэсний хөтөлбөр” баталж, “Нэн ховор, ховор амьтдын байршил нутгийг хамгаалахад түлхүү анхаарч ажилласны үр дүнд шивэр хандгай, шилмүүс мий, хавтгай, мазаалай, монгол бөхөн, зэгсний гахай, тахийн тархац нутгийг бүрэн хэмжээгээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд хамрууллаа” хэмээн тэмдэглэсэн байв.
Тусгай хамгаалалттай нутгаа яаж хамгаалдаг болоод нэн ховор амьтдыг анчид сүйтгээд байгаа хэрэг вэ. “Монголд амьтны амь үнэгүй. Тиймээс хэн дуртай нь агнаж, хууль бус анчдыг өөгшүүлж байна.
Дэлгүүрээс бараа алга болоход хэн хүнгүй сүйд болдог атлаа амьтны амь хороож байгаа хэргийн араас цагдаа нь ч явахгүй байна шүү дээ. Зэрлэг амьтны хувь заяа ийм эмгэнэлтэй байна. Үүнийг л өөрчлөх хэрэгтэй” гэсэн байгаль хамгаалагчийн үгийг Монголын иргэн бүрт дамжуулъя.
Эх сурвалж: Өнөөдөр сонины сэтгүүлч Х.Болормаа
Эх сурвалж: Өнөөдөр сонины сэтгүүлч Х.Болормаа
No comments:
Post a Comment