Thursday, January 5, 2017

Хорин дөрөв- Сэтгүүлчийн тэмдэглэл

Иса гэдэг нь нүүх, нүүлгэх гэсэн утгатай солонгос үг. Өмнөд Солонгосын 50 сая иргэний нүүж суух бэрх ажилд гаршсан монгол эрчүүд гуравхан үсэгтэй энэ үгийг “иса хийнэ, иса байна уу?” гэх зэргээр яг л монгол хэлнийхээ нэгэн эд эс мэт өргөн ашигладаг. Үүнээс гадна, солонгосоор 2-ын тоог И, 4-ийн тоог Са гэдэг учраас иса буюу айл нүүлгэдэг ажлыг солонгосчууд ч тэр, монголчууд ч тэр “24” гэсэн товчилсон нэрээр бичиж ярих нь элбэг. 

Өргөх, зөөх, баглах, байрлуулах гээд бяр чадал, арга сүйхээ шаардсан уг ажилд хэдэн мянганы турш хээр талаар эрх дураараа нүүдэллэж ирсэн нүүдэлч удмын монголчууд л хамгийн ихээр тохирдог гэнэ. Дээрээс нь цалин хөлс нь өндөр учраас айл нүүлгэх ажлыг нэг удаа хийж үзсэн л бол ахин өөр ажилд хүчээ сорьё гэхгүй, бүр арван жилээр ч хамаагүй эндээ уягдах тохиолдол олон. Тиймээс ч мөнгө хураах зорилготой монгол залуус хоногийн 24 цагийн ихэнхийг, бас залуу насаа хүч тэнхээтэйгээ хамт айл нүүлгэх амаргүй ажилд зориулцгааж байна. 



Улаанбаатарт бол хот тэр аяараа нойрондоо дугжирч байдаг өглөөний 5:40-д хойшид өгүүлэх түүхийн маань гол баатар буюу солонгос нэр нь Тэсан гэх монгол залуу Хан мөрний хойд эрэгт байрлалтай, Сөүлийн хаа л бол хаа тааралддаг нэгэн мухар гудамны төгсгөл дэх түрээсний давчуухан сууцандаа сэрэв. Хувцаслах, метроны буудал руу алхах, метронд суух, бас метрогоор хэр удаан зорчих зэргээ унтахын өмнө яг таг тооцоолчихдог тул түүний өглөө сэрэх цаг янз бүр. Гэвч тэр ихэнхдээ 5-6 цагийн хооронд орноосоо босдог. 

Тэсан бол өөрийнх нь хэлдгээр, исачин. 19-хөн насандаа анх Солонгост ирж суурьшаад залуу насныхаа есөн жилийг энд өнгөрөөхдөө эхний зургаан жилээ эрдэм номд, удаах гурван жилээ Сөүл хотынхны нүүж суух ажилд зориулсан тэрээр өдгөө 31 настай. Чухам энэ л хотод тэрээр залуу насныхаа хамгийн дурсамжит үеүдийг өнгөрөөжээ.  Дөлгөөхөн урсах Хан мөрний эрэг дээр үүр цайтал наргиж суусан үеэ, түг түмэн гэрэл чийдэн ассан үдшийн гэрэлт гудамжаар хайртай бүсгүйтэйгээ алхаж явсан хором мөчүүдээ, дөрөвхөн цаг унтаад л дараагийн ажилдаа гардаг ядрахаа мэдэрдэггүй өдөр хоногуудаа тэр одоо ч дурсан ярих дуртай. 

Ирээд удаагүй байхдаа тэрээр уулсын дээгүүр, тэнгис далайг гатлан байж хүрэх тэртээ алс дахь гэрийнхэндээ уртаас урт захиа бичжээ. Гараар бичсэн тэрхүү захиандаа “эрдэм номгүй л бол ирээдүйд чи хэн ч биш болно шүү, бас гадаад хэлээ хичээнгүйлэн сурцгаагаарай” хэмээн дүү нартаа захисан нь хэл ус ч мэдэхгүй хориодхон настай хүүгийн хувьд хүний нутгаас ойлгож ухаарсан хамгийн анхны сургамж байсан гэдэг. 

Дэргэдээ шар айрагны хоосон лонхнууд өрчихөөд тэртээх өдрүүдийг ийн дурсах нь түүнд гойд сайхан санагддаг гэдгийг олон шөнө лонх хоослохыг нь харсан би тун сайн мэдэх билээ. Арга ч үгүй юм, Солонгос бол түүний хоёрдахь эх орон. Тэр энд л Монгол Улсын өрхийг нэгээр нэмсэн алга дарамхан цаасыг гардан авч, бас Монгол Улсын иргэнийг нэгээр нэмсэн алгын чинээхэн хүүгээ хүлээж авсан. Эх барьсан эмч, гэрийнх нь ойролцоох хоолны газрын эзэгтэй гээд таньдаг мэддэг солонгосчууд нь түүний бяцхан хүүг “Ханмүн” буюу “Солонгост төрсөн монгол жаал” хэмээн өхөөрдөн дууддаг байв. Тэгэхэд тэр дэндүү жаргалтай байсан гэдэг нь түүний ярианаас шууд л мэдрэгддэг байлаа. 

Удалгүй тэрээр хүнд хүчир ажилд зүтгэж эхэлжээ. Тэртээ жилүүдийн өмнө дүү нартаа захисан үгийг одоо тэр өөрөө зөрчихөд хүрэв. Солонгосчуудын тэр бүр хийдэггүй хар бор ажлыг хийх бүртээ “Уг нь би иймэрхүү ажилд тохирох хүн биш дээ” гэж өөрийгөө зэмлэвч арван сая хүн бужигнасан, Азийн хамгийн өртөг өндөртэй хотуудын нэг Сөүлд эхнэр, хүү хоёроо бусдаас дор амьдруулахгүйн тулд ингэхээс ч өөр арга түүнд байсангүй. 

Хэдий эх нутаг руугаа бүрмөсөн буцаад гурван жил болж буй ч гурван сарын аяллын визээр үе үе ирэхдээ өнөөх л айл нүүлгэдэг ажлаа ёс юм шиг хийдэг гэдгээ тэр надаас ер нуугаагүй юм. Би наймдугаар сарын бүгчим өдрүүдийг, есдүгээр сарын ургацын баярыг, аравдугаар сарын эхний долоо хоногийг түүнтэй хамт өнгөрүүлсэн билээ. Тэсан өдөр алгасахгүй ажиллахыг зорьдог байв. Үүрийн дөрвөн цаг хүртэл уучхаад өглөө нь ажилдаа гараад л явахыг би олон удаа харсан. Өглөөний 6 цагаас эхлэн бүтэн 20 цаг тасралтгүй ажиллачихаад ердөө хэдхэн цаг унтсан болоод л маргаашийнхаа ажилд гарахыг бас харсан. Солонгос даяар бүх нийтээрээ амардаг Ургацын баяраар ч бас тэр ажилласан. 

Ийнхүү есдүгээр сарын дундуурх, Сөүл хотыг үл ялиг манан бүрхсэн өглөө би Тэсаны хэрхэн ажилладгийг харахын тулд үүрээр эртлэн боссон юм. Тэсан хөлөргөдөггүй, хөлөрсөн ч хурдан хатдаг нимгэн футболк, шоорт өмсөн, хөлдөө хөнгөн кээт углаад гэрээс гарлаа. Гадаа үүр дөнгөж тэмдгэрэх төдий байв. Метроны буудал руу 10 минут алхах замд уушны газар, шөнийн клуб, хэзээ ч хаалгаа барьдаггүй гуанз, мухлагууд эгнэсэн цэнгээний гудам дайралддаг тул шөнөжин наргисан хөлчүү залуусыг сонжин явсаар бид метронд суув.

Ажлын цаг ойртох үед Сөүлийн метро зорчигчдоор хахаж эхэлдэг боловч өглөөний эхний метро үргэлж л хүн цөөтэй байдаг билээ. Тэсан өөдөөс минь харж суугаад метро солих хүртэл нүдээ анин дугхийх хооронд би үүргэвчнээсээ жижигхэн тэмдэглэлийн дэвтэр гаргаж ирээд өнөөдөр хэдний өдөр, өглөө хэдэд сэрсэн, одоо ямар метрогоор зорчиж буй болон Тэсаны юу өмссөнийг хүртэл бичиж тэмдэглэв. Тэсан дундад азийнхан шиг давхраатай алаг нүд, өндөр хянган хамартай. “Сахлаа ургуулчихвал хүмүүс намайг узбек гэж андуурдаг юм” хэмээн хошигнон өгүүлж байсныг нь би гэнэт саналаа. Нээрээ ч Тэсан монгол хүнд баймааргүй дэндүү европжуу төрхтэй.  

Хэдхэн буудлын дараа Сөүлийг тойрон эргэлддэг метроны хоёрдугаар шугам руу сольж суув. Тэсан бас л дугхийжээ. Тэгтэл нэг буудлаас нөгөө буудлын хооронд шунгинан давхих метро гэнэтхэн л газрын гадарга руу гараад ирсэн нь харанхуйд гэнэт чийдэн асах шиг жигтэй мэдрэмж төрүүлэв. Үүр хэдийн цайжээ. Өглөөний, бас манан будангийн хөх туяа Сөүлийг нэг л хүйтэн санагдуулах авч есдүгээр сарын энэ өдрүүд бол цамц ч өмсөх шаардлагагүй урин дулаан үе билээ. 

Өмнө нь би Тэсантай хамт цөөнгүй удаа айл нүүлгэж үзсэн боловч өнөөдөр бол ажил хийлгүйгээр дэргэдээс нь түүнийг ажиглах боломжтойгоороо онцгой өдөр юм. Энэ өдөр долоон жил айл нүүлгэсэн туршлагатай, 40 гаруй насны монгол ахтай цуг ажиллана гэдгээ Тэсан өмнөх орой нь надад хэлсэн байв. Гэхдээ тэр намайг сурвалжлагч гэж танилцуулалгүйгээр “Монголоос ирээд удаагүй байгаа дүүгээ ажилд туслуулахаар аваад ирлээ” гэж хэлэхээр шийдсэн юм даг. 

Бид 6:40-ийн үед метроноос буулаа. “Энэ хавь бол оюутнууд холхилдсон, цэнгээний газрууд ихтэй, чинээлэгдүү дүүрэг байгаа юм” хэмээн Тэсан метроны буудлаас гарахын өмнө намайг 10 минут хүлээлгэн байж “биеэ хөнгөлснийхөө” дараа надад сонирхуулж билээ. Тэрээр “хүндрэхийгээ” бараг л зуршил болсон зүйл гэж тодорхойлоод “Хүнд юм өргөхөд бие хөнгөн байх учиртай” гэж нэмж зөвлөсөн нь нээрээ ч тийм байх шүү гэсэн бодолд хүргэв.   

Хэдхэн сар ажиллачихаад л нутаг буцчихдаг тул Тэсанд байнгын ажилладаг газар гэж үгүй. Ихэнхдээ л дуудсан газарт нь очно. Солонгост удаан хугацаагаар ажиллаж амьдардаг монгол залуус нэг газраасаа байнга ажилд гарах нь олон төдийгүй өөрийнх нь ажилладаг газар өөр хүн хэрэг болбол дотнын найз нөхөд, таньдаг хүмүүс, бүр болохгүй бол зараар холбогдон огт танихгүй нэгэнд ажил олж өгдөг. Тэсан удахгүй уулзах монгол ахтай өмнө нь ердөө нэг л удаа ажилд гарч байсан бөгөөд хэлэндээ ч тэр, ажилдаа ч бас гаргууд сайн гэж үнэлэгдсэн учраас түүнийг энэ өдөр дахин ажилд гаргахаар дуудсан юм. 

Урьдчилж зөвшөөрөл авалгүйгээр, дур мэдэн хүрээд ирсэндээ би жаахан санаа зовж байлаа. Учир нь монголчуудын хувьд исаны газрын солонгос эзнийг гэхээс илүүтэйгээр тухайн газар олон жил ажилласан, туршлагатай монгол ах нарыг хүндэтгэж харьцах нь чухалд тооцогддог. Ялангуяа над шиг ажил хэлээ ч мэдэхгүй, туршлагагүй нэгэнд бол бүр ч хамаатай. Ийнхүү метроны буудлын 4-р гарцан дээр хүлээж суутал яг 7 цагийн үед Тэсаны гар утас дуугарч түүнийг гарцаар гараад ир хэмээн хэллээ. Бид зам хөндлөн гараад өнөөх монгол ах дээр очтол биднийг хоёулаа ирсэнд тун ч гайхсан байдалтай зогсож байв. Тэсан тэр ахыг ам нээхээс ч урьтан “Манай дүү ажил хийж сурах гэж байгаа юм. Та санаа зоволтгүй ээ, цалингүй ажиллана” гэв. 

Ер хүчний ажил хийдэг гэж харагдахааргүй хөнгөн шингэн биетэй, бас ухаалаг хэрсүү байрын төрхтэй тэр ах эндхийн албан ёсны хэллэгээр бол хууль бус оршин суугч, харин Солонгос дахь монголчуудын хар яриагаар бол зүгээр л харынх. Салхины хальсан куртка өмсөж, зузаахан ном ч багтахааргүй жижигхэн цүнх мөрнөөсөө ташуулдаж унжуулсан тэрээр Тэсан бид хоёрыг дагуулан, орон сууцны тансаг хорооллын дундуур зам товчлон алхсаар голдуу намхан байшингууд эгнэсэн, хөл хөдөлгөөн багатай гудамжинд ирээд үүд хавиар нь бүхээгтэй ачааны машинууд зогссон нэгэн барилга руу оров. Тэсан ч бас дагаад орчихлоо. Төд удалгүй тэр хоёр гартаа цаасан аягатай халуун кофе барьчихсан гарч ирээд, бас “Үүнийг өмсчих” гээд над руу ногоон өнгийн футболк чулуудсан нь намайг өнөөдөр ажиллаж болохыг зөвшөөрсөн дохио байлаа. 

Өнөөдрийн айлыг намайг оролцуулалгүйгээр долоон эрэгтэй, нэг эмэгтэй ажилтан нүүлгэнэ гэнэ. Ер нь солонгос айлуудын гэр доторх эд хогшлыг тонн гэсэн нэгжээр багцаалж хэмждэг. Дундаж айл 5-6 тн-ын эд хогшилтой байх нь олон бөгөөд иймэрхүү айлыг нэг бүхээгтэй ачааны машин (5 тн-ын даацтай), нэг портер (1 тн-ын даацтай) хоёроор л нүүлгэчихдэг. Харин өнөөдрийн айл 10 тн-ын ачаа бараатай учраас ийм олуулаа ажиллахаар болсон хэрэг. Удалгүй бид тус бүр 5 тн-ын даацтай хоёр машиндаа хуваагдаж сууцгаагаад нүүлгэх айл руугаа хөдөллөө. 

“Сөүлд хэчнээн монгол хүн айл нүүлгэдгийг хэлж мэдэхгүй ч Сөүлд монгол хүнгүй исаны газар ховор доо” хэмээн айл нүүлгэдэг залуус ярьж байхыг би олон ч удаа сонссон. Солонгост миний уулзаж танилцсан бараг бүх эрэгтэй хүн өмнө нь айл нүүлгэж үзсэн байсан бөгөөд ядаж л хийж үзээгүй нэгэн нь “хийгээд үзчих юм сан” гэсэн хүсэлтэй нь анзаарагдсан. Аравдугаар сарын байдлаар арван мянга хол давсан гишүүнтэй “Монгол исачид” гэх фэйсбүүк бүлгэм цаг хором тутамд идэвхтэй байдаг гэдгийг ажил сурагласан, зуучилсан заруудаас нь төвөггүй мэдэж болохоор. Тэсан надад эндээс бүр гурван ч удаа ажил олж өгсөн юм даг. Мөн нэгэн өдөр бид цуг ажилд гарч байгаад айлын хаяж буй, тун цэвэрхэн хэрэглэсэн хөргөгчийг гадагш гаргаж хаялгүйгээр зургийг нь аваад “Монгол исачид” бүлгэм рүү нэвтрэн“Хэрэгтэй бол ирж аваарай. Үнэгүй шүү” гэсэн зар тавьчихав. Тэгтэл Тэсаны гар утас тасралтгүй жингэнэх нь тэр. Бүр 20 минутын дараа л гэхэд анхны холбогдсон 30 эргэм насны залуу портертой давхиж ирээд “Манай хөргөгч саяхан эвдэрчихсэн юм. Азны юм боллоо” гэж ярингаа хүнд нүсэр хөргөгчийг ёроолоос нь сэвхийтэл дамжилж өргөөд давчуухан шатаар тун эвлэгхэн буулган машиныхаа тэвшинд аччихлаа. Тэрээр явахаасаа өмнө бид хоёрыг арав арван мянган воноор урамшуулахаа ч бас мартсангүй. Солонгост эд хогшил бүрийг мөнгө төлж хаядаг учраас өглөөний энэхүү шуурхай ажиллагаа “хаясан, өгсөн, авсан”-даа тун өлзийтэй зүйл болчихов. Энэ хооронд Тэсаны утас жингэнэсээр л байв. Бүр түүний бичсэн зарын дор “Монгол руу ачуулчих. Хөлсөнд нь 100 мянгыг нэмж өгье” гэж бичсэн харагдлаа.  

Айл нүүлгэдэг монгол залуусын хүч чадал, хурдан шаламгай хөдөлгөөнийг солонгосчууд андахаа байжээ. Эндхийн “Чусон” гэх сонинд гарсан нэгэн нийтлэлд айл нүүлгэдэг монголчуудын тухай хөндөхдөө исаны газрын эздийн үгийг эшилсэн нь тун ч сонирхолтой санагдав. Тэсаны надад орчуулж өгсөн тэрхүү нийтлэлд 43 настай Пак гэгч, нэгэн айл нүүлгэдэг компанийн захирал “Хэрэв камбож ч юм уу, бангладеш хүнээр айл нүүлгэдэг ажлыг хийлгэх юм бол төрх байдлаараа солонгосчуудтай адилгүй учраас шууд л гадаад хүн гэдэг нь танигдана. Дээрээс нь тэд бага зэрэг бохирдуу мэдрэмж төрүүлдэг. Харин монголчуудыг ажиллуулах юм бол тэднийг гадаад гэж мэдэхгүй байсаар байгаад ажил дуусах ч тохиолдол гардаг. Тийм учраас л би монгол хүмүүсийг ажиллуулах дуртай” гэж хэлсэн бол 57 настай Ким гэх эзэн “Би нэг л зүйлийг хэлье. Том шүүгээ, төгөлдөр хуур, хөргөгч зэрэг хүнд нүсэр эд хогшлыг хоёр болон түүнээс дээш давхар руу зөөж гаргах, эсвэл буулгах тохиолдол цөөнгүй гардаг. Энэ үед монгол хүмүүсийг л явуулах юм бол ажил маш хурдан төдийгүй ямар ч осол авааргүй, бас эвдрэл гэмтэлгүй дуусдаг” гэж өгүүлжээ. Мөн нийтлэлд дурдсанаар бол манайхан солонгос хэлийг хурдан, цэвэрхэн сурдгаараа аль ч орныхонтой харьцуулшгүй гэнэ. Ер нь хэлээ л сайн сурчихвал адлуулж дээрэлхүүлдэг монгол хүн гэж ховор юм билээ. Надад лав тэгж санагдсан. 

Дараа нь Тэсан бид хоёр тэрхүү нийтлэлийн дор бичигдсэн бүх сэтгэгдлийг нэг бүрчлэн уншсан бөгөөд ихэнх нь монголчуудын бяр чадал, ажиллах арга барилыг гайхан шагширсан байхад зарим нь манайхны ойворгон хөөрүү занг зэмлэн буруушаасан байв. Бүр нэг уншигч “Үүнийг бичсэн сэтгүүлч монголчуудын олноороо цуглардаг Монгол таун гэх газар очоод тэдэнтэй цуг хоёр гурван өдрийг өнгөрөөсөн бол энэ мэтээр магтаж бичихгүй байсан болов уу” гэж сэтгэгдэл үлдээсэн бол өөр нэг солонгос уншигч “Би хоёр ч удаа гэрээ нүүлгэсэн. Тэр үед тэдний ямар хэцүү ажил хийдгийг хараад өр өвдөж, сэтгэл шимшрэх шиг л болсон” гэж бичсэн байж билээ. Гэвч айл нүүлгэдэг монгол эрчүүд “өөрсдийн хийж байгаагаа” хэзээ ч өр өвтгөж, сэтгэл шимшрүүлмээр ажил гэж үздэггүй. Монголд байхдаа өөрсдийн болон хамаатан садан, найз нөхдийнхөө гэр оронг ямар ч цалин хөлсгүйгээр нүүлгээд л өгчихдөг дурын монгол залуу Солонгост ирээд анх удаа айл нүүлгэж үзсэн ч торох юмгүй ажлынхаа ард гарчихдагийг тэд сайн мэддэг тул “ажил мэдэхгүй солонгосоос гурван сарын монгол нь дээр” хэмээн хэлж ярих дуртай. Олон жил айл нүүлгэсэн туршлагатай хүмүүсээс “Монголчуудын давуу тал юу вэ” гэж асуувал ихэнх нь л “Монгол хүн бүр ажилд эв дүйтэйгээс гадна ямбагүй” гэж хариулах болно. 

Ийнхүү бидний сууж яваа ачааны бүхээгтэй машин Хан мөрний өмнөд эргийг зорьж явлаа. Гүүрэн дээгүүр машинтай давхих үед Сөүлийн юм бүхэн гайхам сайхан харагддаг сан. Хан мөрний умард хөвөөг эмжих мэт сунан тогтсон намхан толгодын энгэр бэлийг улаан тоосгон ханатай намхан сууцнууд өвч бүрхсэн нь зөвхөн Сөүлд л харж болох гоёмсог өнгө билээ. Үдэш болж түнэр харанхуй энэ хотыг нөмрөхөд тэнгэрийн одод газарт буугаад ирчихсэн мэт гэрэлтэх тэрхүү дэнлүүт толгод нэг л ид шидлэг, ер бусын үзэгддэг юм. Тиймдээ ч айл нүүлгэх ажил заримдаа яг л аялал шиг санагддаг байв. Сөүлийн хаа нэгтээгээс энгийн л нэг солонгос айлыг ачаалчихаад хөдөөгийн буйд нутгийг зорин хурдны замаар салхи татуулан давхингаа жижигхэн гацаа тосгон, тутаргын талбай, үйлдвэрийн цогцолбор, үзүүр нь үл харагдах урт хонгил зэргийг сонжин явсаар орой нь гэртээ ирэхэд жигтэй сонин аялалд оролцоод ирсэн юм шиг л мэдрэмж төрдөг байлаа. Дээрээс нь тэрхүү аялал үнэ төлбөргүй атлаа бүр цалинтай гэдгийг мартаж болохгүй.  

Тэсан ч бас миний энэ дүгнэлттэй санал нийлсэн юм. Тэрээр хэсэгхэн хугацаанд тавилга угсардаг ажил хийж байхдаа ерөнхийлөгчийн Хөх ордон, Америкийн цэргийн бааз, LG-ийн үйлдвэрт орж үзсэн тухайгаа надад сонирхуулж билээ. Мөн айл нүүлгэж байхдаа Өмнөд Солонгосын өнцөг булан бүрт очиж үзжээ. Сөүлээс хамгийн ихээр алслагдсан, өмнөдийн хот Пусанд далайн эргийн, тэнгэр баганадсан барилгын дээд давхар руу нэгэн айлыг нүүлгэх гэж очоод цонхоор нь тэнгис далайг ширттэл “яг л хөлөг онгоцоор хөвж буй” мэт мэдрэмж түүнд төрсөн гэдэг. Иймэрхүү зүйлсийг тэрээр ихэд бахдангуй, уран фантаазтай ярина. 

Монголоор “голын урд” гэсэн утгатай Ганнам бол Сөүлийн хамгийн чинээлэг дүүрэг. Бид гүүр даваад “голын урд” байрлах нэгэн чинээлэгдүү хороололд дөхөж иртэл цаг 8 болж байв. Гаднаасаа бол ер гял цал юмгүй, хуучирсан сууцуудтай энэ хавь эхэндээ тийм ч баян тансаг санагдаагүй ч гудамжинд зогсох үнэтэй машинуудыг хараад тэр бодол минь шууд өөрчлөгдсөн юм даг. Өнөөдрийн нүүлгэх айл маань дөрвөн давхар байшингийн дээд талын хоёр давхарт амьдардаг ажээ. Монгол ах маань дээш гарч нүүлгэх айлаа зэрвэс харсныхаа дараа доош бууж ирээд “Өнөөдөр өвөө эмээ нарын гэрийг нүүлгэх юм байна даа” хэмээн Тэсан бид хоёрт сонирхуулав. Бүр монголоор хэлсэн шүү. 

Тухайн өдрийн айлыг хэчнээн хүн нүүлгэснээс үл хамааран тухайн исаны газар олон жил ажилласан, хамгийн туршлагатай хүн нь бусдыгаа ахалж гардаг бөгөөд түүнийг солонгосоор “Тимжаан” гэж нэрлэдэг. Ажил эхлэхийн өмнө хэн юу хийхийг зааварчилж, ажил дууссаны дараа цалин өгдөг гээд Тимжааны эрх мэдэл их. Харин ажил эхлэх мөчид Тимжаан гэрийн эздийн унтлаганы өрөөг баглаж савлах бөгөөд магадгүй түүнээс илүү чадварлаг, өөр газар олон жил ажилласан хүн байлаа ч гэсэн энэ бичигдээгүй дүрмийг хэн ч зөрчихгүй. 

Тэгвэл гал тогооны өрөөн дэх сав суулга, аяга таваг, хөргөгчин доторх идэх юмыг баглаж савладаг хүнийг “Гал тогооны авгай” гэж нэрлэдэг. Харин багийн бусад гишүүний хувьд ажлын туршлагаасаа хамаараад хийх зүйлс нь өөр өөр. Хамгийн туршлагагүй нь буюу яг над шиг ажил хэлээ ч мэдэхгүй хүн бол үүдний хэсэг дэх гуталнуудыг хайрцаглаж дуусгаад зөөх ажлыг үргэлжлүүлж гүйцэтгэнэ. Өглөө нь машин дотор найзууд шиг л зэрэгцээд сууж явсан Тимжаан, бид хоёр яг ажил эхэлмэгц нэг нь унтлаганы өрөө, нөгөө нь үүд хавиар эргэлдсэн асар хол “зайтай”, бас эрх мэдлийн хувьд асар “ялгаатай” хүмүүс болоод хувирчихдаг юм. Үүний учрыг Тэсан “Унтлаганы өрөөнд тухайн айлын хамгийн чухал зүйлс бий. Харин гуталнууд эвдэрч хагарна гэж байх биш дээ” хэмээн тайлбарласан юм даг. Тимжаан болон гал тогооны авгай нар ихэнхдээ солонгос хүмүүс байдаг бол бусад нь монголчууд байх нь элбэг. 

Өнөөдрийн айл зочны өрөө, гал тогооноос гадна дөрвөн ч тусдаа өрөөтэй. Дээврийн өрөө рүү шатаар өгсөж гардаг тул эд хогшлыг нь гараар зөөж буулгана гэнэ. Иймэрхүү ажлыг хамгийн туршлагагүйгээрээ мэдээж би л хийж гүйцэтгэнэ. Айлын эзэн 70 эргэм насны хүн байлаа. Биднийг тэднийх рүү явж ороход багийнхан дундаа хамгийн залуу нь учраас айлын эзэн надад хандан хаалганы хажууд байгаа боодолтой номнуудыг доош, нэгдүгээр давхар руу буулгаад өгөхийг хүслээ. “Чээг” гэж солонгосоор ном гэсэн утгатай үг болохыг, бас солонгос хүмүүсийн үйл хөдлөлийг хараад л надаар юу хийлгэх гээд байгааг сайн таамагладаг болсон тул иймэрхүү энгийн даалгаврыг заавал Тэсанаар хэлмэрчлүүлэн байж ойлгох шаардлагагүй болсон билээ. Би боодолтой номнуудыг шатаар хэд гүйгээд л буулгачихав. Дараа нь дээш гарч ирээд гуталнуудаа хайрцганд савлалаа. Олон ч айлын гутлыг хайрцганд савлаж үзсэн би солонгос хүн гутал олонтой гэдгийг таньж мэдсэн нь энэ ажлаас сурсан хамгийн анхны туршлага маань болсон юм. Төд удалгүй гэрийн эзэн намайг дахиж дуудаад нэг хайрцагтай зүйлийг зааснаа солонгосоор хэд гурван өгүүлбэр хэлчихээд яваад өгөв. “Бурхан минь, юу гээд хэлчихэв ээ!” Би юу ч ойлгосонгүй. Тэрхүү хайрцгийг нь багийнхныхаа баглаж савласан хайрцагнуудын хажууд тавьчихаад үүдний хэсэг рүүгээ буцлаа. Гэтэл 30 минутын дараа монгол ах маань над дээр ирэн “Гэрийн эзэн чамд нэг хайрцагтай юм өгсөн үү? Тэрийг доош машинд нь хүргээд өгчих” гэснээр түрүүн юу гэж хэлээд байсныг нь сая л нэг юм ойлгох шиг боллоо.    

Тэсаны хэрхэн ажиллахыг харна гэсэн анхны зорилго маань ёстой бүтэшгүй зүйл байсныг ажил эхлэх үед л би ойлгосон юм. Айл нүүлгэх ажил нэг л эхэлсэн бол ямар ч зав чөлөөгүй үргэлжилсээр дуусдаг бөгөөд хэрэв хэн нэг нь залхуурч назгайрвал ажил тарах цаг оройтдог тул бүгд л эрвийх дэрвийхээрээ зүтгэдэг. Манай Тимжаан чөргөр туранхай биетэй солонгос эр байв. Тэрээр гэрийн эздийн унтлаганы өрөөг баглаж дуусчихаад дээврийн өрөө рүү орлоо. Энэ хооронд хижээлдүү насны нэгэн солонгос эр, бас Тэсан, манай нөгөө монгол ах гурав бусад өрөөн доторх эд хогшлуудыг баглаж боолоо. Жижиг эд хогшлыг сагс, хайрцганд хийдэг бол бусад тавилгыг бүтээлгээр баглаж ороодог. 

Гал тогооны авгай гал тогоо хавиараа л эргэлдэв. Харин доор үлдсэн хоёр солонгос эр бидний буулгасан ачаа барааг машин руугаа өрж ачсан. Бүхээгтэй тэвшийг битүү чигжиж ачихыгаа исачид “тетрис тоглохтой” адилтгадаг. Бидний баглаж боосон эд хогшлыг сунадаг шаттай машинаар буулгадаг бөгөөд солонгосоор тэрхүү машиныг “сатари” гэж нэрлэдэг. Тэр нь гал сөнөөгчдийн ашигладаг, сунадаг шаттай төстэй эд. Солонгос айлууд бүгд л шахуу цэлгэр том цонхтой учраас ихэвчлэн цонхоор нь нүүлгэчихдэг юм. Бүр 25 давхрын айлыг ч гэсэн “сатари” ашиглан цонхоор нь нүүлгэж болдог. Хэрэв “сатари”-гаар нүүлгэх боломжгүй бол цахилгаан шатаар нүүлгэнэ, харин цахилгаан шатгүй бол гараар зөөдөг. Би нэгэн өндөр солонгос эрийн хамт бусдынхаа баглаж боосон эд хогшлыг цонхны харалдаа ирсэн “сатари”-гийн тавцан руу өрж тавьдаг ажил хийв. Тавцан дүүрмэгц доош буулгаж, эд хогшлуудыг бүхээгтэй тэвш рүү ачна. Ер нь айл нүүлгэх дараалал нэг иймэрхүү.

Тэсан, монгол ах хоёр хурдан шалмаг хөдөлгөөнтэй гэж жигтэйхэн. Хоорондоо монголоор ярихгүй, дан л солонгосоор ярьцгаана. Нэг харахад л нэг өрөөг хоосолчихсон, нэг харахад л угаалгын машиныг баглачихсан, нэг харахад л надтай зэрэгцэн ваартай цэцэгнүүдийг зөөлцөж байдаг байв. Ийнхүү 12 цаг дөхөж байх үед бид тэрхүү айлын бүх эд хогшлыг ачаалж дуусгалаа. Айлын эзэн өвгөн хоосон байраа нэг эргэж тойрчихоод самгантайгаа хамт гялтганасан хар өнгөтэй, цоо шинэ бенц машиндаа суун шинэ байр руугаа хөдлөв. Тэднийх Хан мөрний хойд эрэг рүү нүүж байгаа аж. 

Ер нь айл нүүлгэх үйл явцыг энгийнээр тодорхойлбол эд хогшил бүрийг яг хаана байрлаж байсан яг тэр хэвээр нь шинэ байранд нь авчрах гэж хэлж болно. Жишээ нь, айлын эзэн бичгийн ширээн дээрээ гар утасны цэнэглэгч, тэмдэглэлийн дэвтэр, хоёр ширхэг бал, бүр түрийвчээ орхиод гарлаа гэж бодоход шинээр нүүж орж буй байранд нь тэрхүү бичгийн ширээг ямар ч эвдрэл гэмтэлгүйгээр яг тэр эд зүйлстэй нь хамт байрлуулах ёстой болно гэсэн үг. Тийм ч учраас “Айл нүүлгэнэ гэдэг чинь урлаг байхгүй юу” гэсэн Тэсаны үгэнд би шууд л итгэсэн юм даг. Бас айл нүүлгэх үед юм бүрийг бярдаж өргөдөггүй гэдэг нь анзаарагддаг байлаа. Бүгдийг физикийн хуулийн дагуу өргөж, өнхрүүлж, эргүүлж, байрлуулах жишээтэй. 

Айл бүр кимчиний тусдаа хөргөгчтэй, зочны өрөө нь агааржуулагчтай, тагтан дээрээ ваартай цэцэгс тарьдаг, бас вааранд цуу дардаг гээд солонгос айлууд олон нийтлэг шинжтэй. Мөн номын сангүй, төгөлдөр хуургүй айл ховор. Гэрийн эздийн хувцас хунар гэж тоймгүй их. Түүнчлэн хөргөгчин доторх амтлагч, цуу, даршилсан ногоо ёстой л түмэн янзаараа өрөөстэй байдаг билээ. Тэсан “Солонгосын соёл уламжлалыг гүнээс нь мэдэрье гэвэл солонгос айлд л зочлох хэрэгтэй” гэж хэлсэн нь нээрээ л үнэний ортой үг санагдсан. Би Тэсантай хамт цөөнгүй удаа айл нүүлгэж үзэхдээ баян, ядуу, бас хэзээ ч төсөөлж чадахааргүй аймшигтай бохир заваан айлыг нүүлгэж үзсэн. Хогоо хэзээ ч хаядаггүй гэмээр тэр айл залуухан хос байсан сан. Ханаар нь жоом гүйлдсэн, эхүүн муухай үнэртэй тэр айлд цэцэг шиг хөөрхөн охиных нь хувцас хунар, тоглоом хэрэглэл газраар нэг хөглөрч байсан нь тэдний гэр бүл дэх цорын ганц гэгээлэг зүйл нь байх гэж бодогдсон. Бас нэг удаа бид нас сүүдэр 100 дөхөж яваа өвгөн, эмгэн хоёрынхыг нүүлгэсэн бөгөөд тэднийх жаран жил амьдарсан хашаа байшингаа өндөр үнээр худалдаад орон сууц руу нүүж орж билээ. Тэдний навтгар хуучин байшинг тойроод орчин үеийн гял цал барилгууд сүндэрлэсэн нь Сөүлийг нэгэн цагт үнс нурам байхад цэл залуухан байсан тэд цаг хугацааны хувьсал өөрчлөлтийг он удаан жил тэвчээртэйгээр сөрж зогссоныг илтгэж байв.  

Ийнхүү бид өдрийн гурван цагийн үед өнөөдрийн айлаа нүүлгэж дуусгав. Хамгийн сүүлд зочны өрөөн дэх жаазтай зурагнуудыг тогтоож, шалыг нь арчиж цэвэрлэснээр айл нүүлгэх ажил дуусгавар болдог. Биднийг ажлаа дуусгахад айлын эзэн өвгөн орой хоол идэцгээгээрэй хэмээн 100 мянган вон нэмж өгснийг Тимжаан маань бүгдэнд нь тэнцүүхэн хувааж өглөө. Бид нүүлгэсэн айлаасаа гараад өглөө цугласан газраа эргэн очтол эелдэг, найрсаг зантай эзэн маань тор дүүрэн маквэлли буюу будааны айраг барьчихсан зогсож байв. Маквэллиг бороотой өдөр, эсвэл ажил тарсны дараа уудаг гэж Тэсан надад олон удаа хэлсэн билээ. Түрүүхэн л нэгнийгээ тухтай ч харж амжилгүй борви бохисхийлгүй ажилласан бид исаны газрынхаа умгар өрөөнд намхан модон ширээг тойрч суугаад будааны айраг ууцгаалаа. Өдрийн турш надтай нэг ч үг дугараагүй, хижээлдүү насны солонгос эр ханзаар бичсэн маквэлиний нэрийг “Энэ бол урт наслахыг ерөөсөн утгатай үг” хэмээн тайлбарлан ярив. Би маквэлинээс амсаж үзлээ. Монгол айргийг бодвол зөөлөн, чихэрлэг ч юм шиг амтагдав. Ингээд хамгийн сүүлд өглөөхөн танилцсан монгол ах маань Тэсан бид хоёрын цалинг авчирч өгсөн нь намайг гайхширалд оруулсан юм. Тэсанд 140 мянган вон, намайг ажилд тусалсан гээд 70 мянган вон (Есдүгээр сарын ханшаар 140 мянган төгрөг) өглөө. Уг нь би цалингүй ажиллана гэж ирсэн шүү дээ, гэтэл тэр ах эзэндээ хэлэн байж надад цалин олгуулжээ. Монголчууд ийм л элгэмсэг.

Тэсан бид хоёр ирсэн замаараа метронд суусаар 4 цагийн үед гэртээ ирлээ. Тэр шүршүүрт орчихоод эд хогшил гээд байх юмгүй умгар өрөөнийхөө буланд дэвссэн дан гудсан дээр завилж суунгаа утсаа оролдоод л суучихав. Нэг ингээд суучихвал түүний амнаас барагтаа л үг унахгүй. Солонгосын улс төрийн байдал, монголчуудын аж байдал, төгрөг вонын ханш, энд тэндхийн баривчилгаа, маргаашийн ажлын зар, бас Монголоос илгээсэн хүүгийнхээ зургуудыг сонжин харсаар оройн хоолны цаг хүргэх ч үе бий. Нэг удаа Тэсан “Миний хүү цэцэрлэг дээрээ <Хабага> гэж шинэ үг хэлсэн гэнээ” хэмээн хүүгийнх нь тухай өгүүлсэн жижигхэн зурвасыг надад нэг бүрчлэн уншиж өгөөд сэтгэл нь ихэд догдолсон бололтой “Өнөөдрийн хамаг уур бухимдлыг үлдэн хөөчих шиг л боллоо” гэж хэлж билээ. Хүү нь сайн хэлд ороогүйг би мэдэх тул түүний хэчнээн их догдолж байгааг мэдэрч байлаа.  

Бид гудамж уруудан алхсаар хүрдэг “Кимбаб Жонгүг” гэх хоолны газарт оройн хоолоо иддэг байв. Тэсан кимчитэй, кимчигүй улаан хүрэн шөлнүүдээ үргэлж захиална. Тэдгээрийгээ монгол хүн ядаргаагаа тайлж ясны шөл уудаг шиг л амтархан иднэ. Тэгмэгцээ зэргэлдээх дэлгүүр лүү зүглэж хэдэн лонх шар айраг, нэг маквэли худалдаж аваад унтах хүртлээ ууна. Бараг өнжөөд л нэг ингэж уудаг сан. Үүнийгээ “Уувал ядрах нь бага байдаг. Чангарсан биеийг сулладаг гэх үү дээ” хэмээн зөвтгөнө. Тэсан үүр цайтал уусан ч ажилдаа гараад л явдгийг би мэдэх тул түүний уунгаа ярьдаг түүхүүдийг хэдэн цагаар ч хамаагүй чагнан суудаг байв. Тэр жаахан халчихаараа исаны тухай зах хязгааргүй ярьж эхэлнэ. “Иса бол урлаг”, “Исаны гар нийлсэн баг нэгнийгээ чимээгээр нь хаана юу хийж байгааг мэддэг”, “Иса бол зүгээр л мунаглан өргөдөг хүчний ажил биш” гэх зэрэг сонин, этгээд үгсийг тэр хөлчүү үедээ л унагадаг байв. 

Нэгэн удаа түүнээс “Тэсан” гэх солонгос нэрнийх нь учрыг сонирхтол анх айл нүүлгэж байсан тухайгаа надад хуучилж билээ. Хамт ажилладаг хүмүүсийнхээ дунд ганцаархнаа монгол, бас хамгийн залуу нь учраас түүнийг барагтаа л бол хүндэлж харьцдаггүй байж. Бүгд л “Яа!” буюу “Хөөөөөөш” гэсэн дээрэнгүй үгээр дууддаг байжээ. Харин нэгэн хөгшин солонгос эр түүнд ажил хэрхэн хийхийг зааж зөвлөж, ажил тарсны дараа лонх шар айргаар дайлахдаа “Одоо чи өөр газар ажиллах цаг болсон. Энд ажилласаар л байх юм бол үргэлж туршлагагүй нэгэн мэт үнэлэгдэх болно” хэмээн захисан гэдэг. Мөн нэгэн өдөр түүнийг бүгд л урьдын дээрэнгүй үгээрээ дуудахад өнөөх солонгос эр “Энэ хүү нэртэй юм шүү. Нэрээр нь дуудацгаа” хэмээн хамт ажилладаг солонгосчууддаа хандан бухимдангуй хэлсэн гэдэг. Тэгээд хэн гэдэг юм бэ гэж өнөө хэд нь асуутал “Тэсан!” гэж хариулжээ. Түүний шинэ нэрийг сонсоод бүгд л “Хөөх” хэмээн уулга алдсан байна. Тэсан бол монголоор орчуулбал уулын ноён оргил, ян сарьдаг гэсэн утгатай үг. Тэ гэдэг нь солонгосоор их, аугаа гэсэн утгатай бол сан гэдэг нь уул гэсэн үг юм. Заримдаа Тэсан яг л нэр шигээ санагддаг байв. Нэг дуугаа хураачихвал уулс шиг л дүнсийчихдэг, нэг яриад эхэлчихвэл бүгдийг үнэн сэтгэлээсээ өчдөг тийм л хүн. 

Нэг орой би Тэсанаас урьтаад нам унтчихсан байлаа. Тэгээд шөнө дунд нойрноосоо гэнэт сэртэл Тэсан хав харанхуйд завилаад суучихсан, гартаа буй хоосон лонхыг газарт тулчихсан, суугаа чигээрээ нам гүм унтаж байв. Яагаад ч юм би түүнийг хачин ихээр өрөвдөж билээ. Атгасан лонхыг нь гараас нь зөөлөн татаж автал Тэсан газарт ор болгож дэвссэн гудас руугаа өнхрөөд л уначихсан юм даг. Дээгүүр нь хөнжил нөмөргөтөл хүчтэй амьсгалан унтаж буй нь мэдрэгдэв. Сөүлд аравдугаар сар айлчилсан тул өглөө оройдоо жиндүү байдаг билээ. 

“Хүн бүр багтай амьдардаг. Магадгүй Солонгос бол миний үргэлж өмсдөг нэг сайхан баг. Үнэндээ би зүгээр л нэг исачин шүү дээ” гэсэн түүний хатуу боловч хоржоонтой үгийг би одоо ч гэсэн эргэцүүлэн боддог юм. Тэсан иймэрхүү жир биш үгсийг үе үе хэлнэ. Нэг удаа аавыгаа, бас хайртай эхнэрийгээ ярьж байхдаа яагаад ч юм баахан уйлж билээ. Дараа нь бага зэрэг тайтгарсан болоод “Хэн нэгнийг мөрөөдөлд нь хүргэхийн тулд өөр хэн нэгэн замыг нь заавал засаж өгдөг. Магадгүй яг над шиг хэн нэг солонгос залууг Самсунг, LG, Хьюндайд ажиллуулахын тулд монгол залуус мөрөөдлөө золиосолж байгаа. Уг нь энэ ажлын байранд хэн нэг солонгос залуу ажиллаж байх учиртай. Харин би тэр залуугийн замыг засаж, өөрийнхөө мөрөөдлийг “золиосолсон” юм. Магадгүй бид солонгос хүн болоод төрсөн бол Самсунгэд ч ажиллах байсан юм бил үү, хэн мэдлээ дээ” хэмээн айл нүүлгэдэг монгол залуусаа өмөөрсөн үг хэлээд “Олон монгол хүн Солонгост амьдардаг монголчууд амар хялбараар мөнгө олдог юм шиг боддог. Үнэндээ бид залуу нас, мөрөөдөл хоёроо золин байж хатуу бэрхийг туулдаг юм шүү. Чи энэ санааг нийтлэлдээ заавал тусгаарай” хэмээн хэлсэн нь миний санаанаас одоо ч гардаггүй юм. 

Тэсан дөрвөн жилийн өмнө төгөлдөр хуур өргөж байгаад нуруундаа юм оруулснаа надад бас ярьж билээ. Долоо хоног эмчлүүлж байж ажил хийхтэйгээ болсон гэнэ. Бас Тэсаны нэг найз айл нүүлгэж байгаад нуруугаа хүндээр гэмтээснээс нуруундаа төмөр диск хийлгэж байжээ. Найзыгаа эргэхээр, Солонгост хараар ажилладаг хүмүүсийг хөнгөлөлттэй үнээр эмчилдэг нэгэн том эмнэлэгт очтол найз шиг нь олон монгол залуу “нурууны гэмтлээс” болж шаналж байсныг тэр харжээ. Тэр үед түүний хэлсэн “залуу нас, мөрөөдлөө золин байж” гэдэг үгийг би үнэн сэтгэлээсээ ойлгох шиг л болж билээ. 

Солонгос орон сөхөрч ойчдогийн даваан дээр солонгос залуус ч гэсэн яг л өнөөгийн монгол залуус шиг хүний нутагт хөдөлмөрлөж байсан түүх саяхных. Ахмад настай, нэгэн солонгос хүний үг гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлж байсныг Тэсан надад хуучлав. “Залуу минь, өнөөгийн байгаа байдалдаа битгий гутар даа. Би ч гэсэн чам шиг цэл залуухан байхдаа Арабад олон сар жилээр ажиллан гэрийнхэн рүүгээ мөнгө илгээдэг байлаа. Олон мянган залуусын уйгагүй хөдөлмөрөөр л өнөөгийн Солонгос орон хөл дээрээ зогссон юм шүү дээ. Тиймээс чи ч гэсэн олсон бүх мөнгөө гэр лүүгээ аваад л яв. Нэг ширхэг өмд, нэг ширхэг оймс авахаар байсан ч Монголоосоо л ав. Нэг ч гэсэн воныг эх орондоо аваачиж оч” гэж хэлсэн гэдэг.

Эцэст нь өгүүлэхэд, айл нүүлгэнэ гэдэг амар хялбар ажил биш ээ. Би үүнийг бардам хэлж чадахаар байна. Залуу нас, эрүүл мэнд, хүсэл мөрөөдлөө “бооцоо”-нд тавьдаг ийм хатуу тоглоом хорвоод ховор биз ээ. Хүнд хүчир хөдөлмөр хийж байж л хэдэн цаас гэр лүүгээ илгээдэг ийм дуусашгүй, мөнхийн тойрогт олон монгол залуу “дөнгөлөгджээ”.

Тэсан ч бас дараа ирэхдээ исагаа хийх л байх гэж хэлсэн. Удалгүй тэр тэнгис далайг гатлан, уулсын дээгүүр ниссээр гэр лүүгээ буцсан юм. Хүүдээ өвлийн дулаан хүрэм, уут алим, бас Сөүлийн жимсний мухлагуудаар мэр сэр харагдах болсон эрт ургацын жүржнээс хэдхэнийг худалдаж аваад л тэр нисчихсэн. Тэсан өөр юм аваагүй ээ. Тэр олсон бүх мөнгөө аваад л буцсан.
Эх сурвалж: Чөлөөт сэтгүүлч Э.Энхцолмон 

Гутлын ч үнэгүй амьтад


“Газраас чулуу аваад шидэхэд “Приус” онох нь дамжиггүй. Дотроос нь годон гуталтай хүн бууж ирнэ. Тэр Соёлын тэргүүний ажилтан байх нь гарцаагүй” гэсэн үгийг сонсоогүй хүн үгүй биз. Одоо ч та ойр хавьдаа байгаа хүмүүсийг хараарай. Годон гуталтай хүн нэгээр тогтохгүй байж л байгаа.
Дулаахан, хөнгөн, халтирдаггүй, үс нь халцардаггүй годон гутал дүн өвлийн хүйтнээр чанар чансаагаа таниулдаг тул монгол хүүхнүүдийн хэрэглээ, заримынх нь бэл бэнчингээ гайхуулах боломж болж хувирлаа.
Сибирийн цааны арьсаар хийсэн годон гутал зарна” гэсэн зар хаа сайгүй, Улаанбаатарын дэлгүүрүүд ийм гутлыг 650 мянгаас нэг сая төгрөгөөр зарж байна.
Цаа хэт хүйтэн газарт амьдардаг болоод ч тэр үү үс нь халцардаггүй, нягт байдаг онцлогтой. Арьсан дээр нь тоос шороо, цас барагтай бол тогтдоггүй, цасанд нордоггүй. Тиймээс арьсаар нь хийсэн эдлэл маш чанартай, эдэлгээ сайтай болдог. Адуу, үхрээс нэг их дутахааргүй биетэй энэ амьтны дөрвөн год (өвдөгнөөс туурай хүртэлх арьс) ердөө өрөөсөн гутал хийхэд хүрэлцдэг аж.
Богино түрийтэй нэг хос гутал оёход хоёр цааны найман год хэрэгтэй. Ганцхан гутлын төлөө хоёр цааны амийг авдаг гэсэн үг. Бүхэл бүтэн амьд амьтны биеийнх нь арьсны жаахан хэсэг нь л гуталд хэрэгтэй болдог гэхээр үнэхээр харамсалтай. Тиймээс ч годон гутлын түрийг богино хийдэг юм билээ.
Год 10х14 см хэртэй. Үүнийг нойтон байхад нь татаж сунгана. Цааны арьсаар тува хүмүүс л гадуур хувцас хийж өмсдөг. Махыг нь Орос, Тувагийн цөөн ресторан л хоолонд хэрэглэдэг, монголчуудын олонх нь амсаж үзээ ч үгүй.
Үс нь өвөл цайвар, зун хүрэн буурал өнгөтэй болдог учраас цас орж хүйтэрсний дараа цааг төхөөрч, годоор нь гутал хийдэг юм байна. Анчид ширхэг годыг 30 мянга, нэг цааныхыг 120 мянган төгрөгөөр оёдолчдод зардаг аж. Түүгээр гутал хийвэл 3-4 дахин өндөр үнэ хүрдэг гэсэн үг.
Хөвсгөлийнхөн жуулчдад сармай дээлт чихэр, шилэнд дарсан загас, том талх, цааны эврээр хийсэн аяга, хутга зэрэг бэлэг дурсгалын зүйлсээс гадна годон гутлаа нутгийн брэнд хэмээн худалдаж авахыг санал болгодог. Монголчуудаар зогсохгүй Хөвсгөлөөр зочилсон гадаадынхан хүртэл годон гутал сураглаж, гар таталгүй худалдаж авдаг болохоор энэ аймгийн хойд талын сумдад цааны годон гутлын бизнес цэцэглэж, хулгайн анчид, оёдолчдын бүхэл бүтэн сүлжээ үүсчээ.
120.000 төгрөгийн төлөө энэ амьтныг алаад, годыг нь өвчиж аваад явчихсан байхад нь олжээ
Годон гутал борлуулалт сайтай бараа боловч цаа цөөн. Монголд зэрлэг, тэжээвэр гэсэн хоёр төрлийн цаа буга бий. Зэрлэг нь Хөвсгөлийн тайгад цөөн байдаг бол тэжээвэр нь мэдээж цаатнуудынх.
“Оросоос орж ирдэг 30-аад цаа л бий. Зэрлэг цаа бараг устсан даа. Мөр нь тааралдахгүй байгаа. Уг нь асар уудам нутагт тархсан, сүрэг сүргээрээ бэлчдэг байсан” гэж Улаан тайгын Улсын тусгай хамгаалалттай газруудын Хамгаалалтын захиргааны дарга Ж.Төмөрсүх ярив. Өрөөсөн гутлын л үнэтэй энэ амьтан Монгол оронд нэн ховордсон тул агнахыг 1953 онд хоригложээ.
Наймаачдын зарж буй годон гутлын ихэнх нь Оросынх. Манайхыг бодвол тэд цаа бугын аж ахуйтай учраас өсгөж үржүүлээд, ашиг тусыг нь хүртдэг. Гэхдээ тус улсын цаа бугын аж ахуйд аюул нүүрлээд байна. Арктикт оршин суудаг оросуудын 80 мянган цаа 2006-2013 онд хорогдож, 270 мянга үлджээ. Энд аравдугаар сараас далайн мөс зузаарч эхэлдэг байсан бол сүүлийн жилүүдэд хөлдөхөө больсон байна.
Үүний нөлөөгөөр ус ууршин, далайн эргээр хүчтэй салхи дэгдэх болжээ. Тэр салхинд өмнө зүг рүү туугдсан үүл цаа бугын бэлчээрт хүрч, бороо болон шаагидаг болоод буй аж. Жилийн ихэнх хугацаанд цасаар хучаастай байдаг тэр нутагт орсон бороо газрын гадаргыг мөстүүлсний уршгаар цаа буга өвс олж идэж чадахаа байгаад өлбөрч байгааг Финландын Рованими хотын Лапландын их сургуулийн багш Брюс Форбес sputniknews.com сайтад мэдээлсэн байна.
Арктикийн мөсөн хучлага нимгэрсэн явдал түүхэнд хоёр л удаа болсны нэг нь өнөө жил тохиолдож байгаа аж. Хөлсний булчирхайгүй, хүйтэнд амьдардаг цаа буганд энэ бол түгшүүр юм. Үүний хажуугаар цаа бугын сүрэгт боом өвчин гарсны улмаас 90 гаруй хүн халдвар аван, нэг хүүхэд нас баржээ.
Халдварыг газар авахуулахгүйн тулд өвчтэй цаануудыг устгаж, эрүүлийг нь вакцинжуулж байна. Боом бол салаа туурайтай амьтад, хүнд халддаг өвчин. Гэтэл боом Монголоос салахаа байсан. Үүний зэрэгцээ Монгол орон дэлхийн улс орнуудаас хамгийн эрчимтэй дулаарч буйд тооцогддог.
Монголын цаа буганд цаг уурын дулаарал, боомын аль аль нь одоохондоо аюул учруулаагүй байгаа ч учруулахгүй гэсэн баталгаа бас үгүй. Үүнээс өмнө монголчууд бид өөрсдөө цаагаа устгаж мэдэх юм. Учир нь Орост годон гутал ховордож, үнэ нь тэнгэрт хадчихвал Монголын цаа бугануудыг мөнгө болгож харах хүн улам олшрох аюултай.
Монголд тэжээвэр цаа байгааг 1764 онд анх бүртгэжээ. Тэгэхэд 22 цаатан 192 цаатай байсан бол 1978 онд 1882 болсон байв. Гэвч Хөвсгөлийн Цагааннуурт загасны аж ахуй байгуулж, цаатнуудыг царамнаас буулган, тэнд ажиллуулах болсноор 1985 онд цаа эргээд 540 болж хорогдсон түүхтэй. 1990 оноос цаг төр өөрчлөгдөж, Цагааннуурын загасны аж ахуй сөнөн, цаатан иргэд ажилгүй, тэтгэмжгүй болсноор цаатнууд цаа руугаа дайрчээ.
Бугын эвэр түүгчид Монгол орны уул толгодыг нэгжин тонголзож байсан он жилүүдэд цаа буга мөхлийн ирмэгт тулсан тул 1997 онд Монголын “Улаан ном”-нд хязгаарлагдмал тархацтай, нэн ховор амьтдын тоонд оруулан, бүртгэжээ. Хүмүүс эврийг нь авахын тулд зэрлэг цааг хүртэл ангуучилсаар бараг устгасан байна. Үүнээс хойш иргэдийн амьжиргаа арай дээрдэж, бугын эвэр түүх хүн үгүй болсноор цаа бүрмөсөн устахаас аврагдсан юм. Цаа сүүлийн жилүүдэд өсөж, 2015 оны эцсээр 1855-ыг тоолуулаад байна.
Годон гутлаас болоод амиа алдаж буй дараагийн амьтан бол хандгай. Намар цаатнуудын идшиндээ төхөөрдөг хэдэн цааны годоор хийсэн гутал дорхноо зарагддаг тул Хөвсгөл аймгийн хойд талын сумдын иргэд хулгайгаар буга, хандгай агнадаг болжээ. Хандгай цаа бугатай адил цас малтан, өвс гаргаж иддэг тул шилбэнийх нь арьс хатуу, үс нь халцардаггүй онцлогтой. Тэгээд ч цааны арьстай ойролцоо цайвар өнгөтэй тул гутал хийхэд тохиромжтой, цааныхаас ч гоё, гялалзсан үстэй гутал болдог аж.
Дэлхий дээр зургаан зүйлийн хандгай байдгаас манай оронд Сибирийн, шивэр хандгай гэсэн хоёр дэд зүйл нь тун цөөн тоогоор амьдардаг. 2012 онд шинэчлэн найруулсан Амьтны тухай хуулиар эдгээр хандгайг нэн ховор амьтны ангилалд оруулжээ. ШУА-ийн Биологийн хүрээлэн 2009 онд ойн туурайтан амьтны тооллого хийхэд Хянганы нуруу, Хөвсгөлийн тайгад 5000-7000 хандгай бүртгэгджээ.
Сибирийн хандгайн амьдрах нутгийн өмнөд хязгаар нь Хөвсгөлийн тайга. Тайгад сүргээрээ бэлчиж явдаг энэ сайхан амьтныг агнахдаа анчид хоёр хуваагдан, нэг талаас нь үргээхэд отоонд суусан анчин сум тоолон унагадаг гэнэ.
Үнэр авахдаа тааруу тэр амьтан бууны овоо хараанд өөрөө ороод ирдэг нь гаслантай. Эхийгээ үүрд босож ирэхгүйг ойлгохгүй хөөрхий янзагыг цусаа асгаруулан хэвтэх эхийгээ бараадан ирэхэд нь анчид буудчихдаг гэдэг. Тэртэй тэргүй ганцаараа амьдарч чадахгүй учраас янзагыг зовоолгүй “буян” үйлдэж байгаа нь тэр гэнэ лээ. 240-470 кг жинтэй нүсэр амьтны ердөө л дөрвөн годыг авах гэж хүмүүс тайгыг цусаар буддаг болжээ.
Хандгай цааг бодвол том амьтан ч гэлээ дөрвөн годоор нь нэг гутал хийж хүрэхгүй учраас нэг гутлын годтой харихын тулд анчин доод тал нь 2-3 хандгай намнадаг. Нас бие гүйцсэн гурван хандгайн годоор хоёр гутал, биеэр бага хоёр хандгайн годоор нэг гутал хийдэг юм байна. Агнасан хандгайнхаа дөрвөн годыг өвчиж, эврийг нь олон жижиг хэсэг болгон хөрөөдөж авна. Тэр том амьтнаас хулгайн анчдын авдаг зүйл ердөө энэ.
Махыг нь авна гэвэл олон морь, эсвэл машин тэрэг хэрэгтэй болохын зэрэгцээ баригдах эрсдэл нэмэгдэх тул хулгайн анчид тэгж аз туршдаггүй. Тэгээд ч метр зузаан цастай тайгад ямар ч машин явж чадахгүй. Тэд бусдад харагдаж, баригдалгүй хурдан зугтахын тулд хөтөлгөө морь, ихэвчлэн цаатай явдаг аж. Хөвсгөл аймгийн нэг иргэн 2012 онд ийм ан хийгээд баригдаж, таван жил хорих ялаар шийтгүүлжээ.
Түүнийг иргэдийн мэдээллээр илрүүлсэн байна. Тэгвэл 2014 онд хилийн бүс дэх олон нуурыг сахиж байгаад ус уухаар ирсэн хандгай намнасан цаатны хэргийг байгаль хамгаалагч, цагдаа нар хамтран илрүүлсэн ч нөгөөх нь “Би Монголын газар нутгаас хандгай агнаагүй. Хилийн цаанаас агнасан” хэмээн гүрийсээр хэргээ хэрэгсэхгүй болгуулж дөнгөжээ. 2015 онд хандгай буудсан нэг хүний хэргийг хараахан шалгаж дуусаагүй байгаа аж.
2011 оны нэгдүгээр сарын 25-нд Засгийн газраас гаргасан 23 дугаар тогтоолын I хавсралтаар нэн ховор амьтдын экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоосон байдаг. Үүгээр шивэр хандгайн эрийг 10, эмийг 12 сая төгрөгөөр үнэлжээ. Энэ үнэлгээг хоёр дахин нугалж төлүүлдэг. Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас нэн ховор амьтан агнасан хэрэгтэнд Эрүүгийн хуулийн 24.5 дахь заалтын дагуу 2-8 жил хорих ял оноох хүртэл арга хэмжээ авдаг.
Улаан тайгын Улсын тусгай хамгаалалттай газруудын Хамгаалалтын захиргааны дарга Ж.Төмөрсүх “Годон гутлыг Хөвсгөлд 500 мянгаас 800 мянган төгрөгөөр зардагХандгайн годоор хийсэн гутал хамгийн үнэтэй нь. Хөвсгөл аймгийн Хатгал суманд гэхэд годон гутал хийж зардаг нэг хүүхэн ч байдаг. Түүнд цаа, хандгай, бугын год авчирч өгдөг хүмүүс ч байдаг.
Цаа, хандгай агнаад годыг нь зардаг, түүнийг нь авч гутал оёдог, зардаг хүмүүсийн бүхэл бүтэн сүлжээ үүсчихлээ. Одоо ч гутлаа оёж байна. Үүний цаана хууль бусаар ан агнасан хэрэг нуугдаж байгаа. Цаа, хандгай, бугын годон гутлын цаана үйлдэгдэж буй байгаль орчны эсрэг гэмт хэргийн талаар хэн ч дуугарахгүй юм.
Ямар ч байцаагч, цагдаа, дарга үүнд санаа зовохгүй байна. Хандгай агнасан хүнийг би үйлдэл дээр нь барьж байсан удаатай. Манай эндхийн тайгад хандгай тун цөөн. Чандмань, Цагаан-Үүр суманд л цөөвтөр байдаг” гэсэн юм.
Манай орны хамгийн том амьтан болох хандгай өндөр үнэтэй, эрэлт ихтэй нэг гутлаас болоод ийн хулгайн анчдын овоо хараанд өртөж байна. Нуур руу яг л усны амьтан шиг орчихдог хэмээн хандгай харсан хэн ч хачирхаж, басхүү сүрлэг сайхныг нь бишрэн ярьдаг. Сүрлэг том биетэй атлаа богинохон настай, дөнгөж 10 жил амьдардаг эл амьтныг үргээгээд үүрд хил давуулчихвал манай улс хандгайгүй болно.
Гутал болж буй гурав дахь амьтан бол бугаХятад, солонгосчууд эврийг нь өндөр үнээр авдгаас болоод хядуулж байсан энэ амьтан өдгөө бууны овоо хараанд дахиад л онилогдов. Өвөл үс нь цайвар бор болдог тул тэр үед нь авладаг юм байнаБас л хоёр бугын годоор нэг гутал хийдэг1980 онд 140 мянган буга Монгол орны ойд бэлчиж байсан бол өдгөө 8000 болтлоо цөөрчээ.
Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газраас буга агнасан хэрэг 2015 оны нэг, зургадугаар сард хоёр удаа бүртгэгджээ. Халиун бугын эрийг намнавал экологи, эдийн засагт 6.6, эмийг хороовол 7.5 сая төгрөгийн хохирол учруулсанд тооцдог. Хөвсгөлийн тайгаас буга агнасан хэрэгтнүүдийн нэг нь экологи, эдийн засагт учруулсан хохирлын мөнгөн дүн болох 13.6 сая төгрөгөө төлсөн тул шүүх түүнд тэнсэн харгалзах ял оноожээ. Нөгөө нь төлөөгүй тул гурван жил зургаан сар хорих ялаар шийтгэсэн байна.
Тэжээвэр цаа, дархад адууг идэш уушиндаа хэрэглэхээр төхөөрсөн үед годоор нь гутал хийж болох юм. Харин буга, хандгайн годон гутлыг шууд хураан авч, улсын орлого болгож байхгүй бол зөвхөн хулгайн анчидтай тэмцээд нэмэргүй. Цаа, хандгай, буга гэсэн гурвын гурван амьтныг гутлын төлөө золиослоод, Монголын хаа сайгүй годон гуталтнууд жирийлгэж явахад хэн ч тэдгээр амьтанд санаа зовохгүй байна.
Шивэр хандгай, цаа буга зэрэг Монголд устаж буй амьтныг “Улаан ном”-нд үүрд үлдээхгүйн тулд удмын санг нь хадгалж, биотехнологийн аргаар үржүүлэх тухай өнөө цагт ярьж буй. Эцсийн мөчид л авдаг, ядсан арга шүү дээ. Засгийн газар 2011 онд 277 дугаар тогтоол гарган, “Нэн ховор, ховор амьтдыг хамгаалах үндэсний хөтөлбөр” баталж, “Нэн ховор, ховор амьтдын байршил нутгийг хамгаалахад түлхүү анхаарч ажилласны үр дүнд шивэр хандгай, шилмүүс мий, хавтгай, мазаалай, монгол бөхөн, зэгсний гахай, тахийн тархац нутгийг бүрэн хэмжээгээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд хамрууллаа” хэмээн тэмдэглэсэн байв.
Тусгай хамгаалалттай нутгаа яаж хамгаалдаг болоод нэн ховор амьтдыг анчид сүйтгээд байгаа хэрэг вэ. “Монголд амьтны амь үнэгүй. Тиймээс хэн дуртай нь агнаж, хууль бус анчдыг өөгшүүлж байна.
Дэлгүүрээс бараа алга болоход хэн хүнгүй сүйд болдог атлаа амьтны амь хороож байгаа хэргийн араас цагдаа нь ч явахгүй байна шүү дээ. Зэрлэг амьтны хувь заяа ийм эмгэнэлтэй байна. Үүнийг л өөрчлөх хэрэгтэй” гэсэн байгаль хамгаалагчийн үгийг Монголын иргэн бүрт дамжуулъя.
Эх сурвалж: Өнөөдөр сонины сэтгүүлч Х.Болормаа

Дуудаад ирэхгүй алсад

Хүн болгон мэнд мэдэлцэн гар барьж танилцах бүртээ “Аль нутгийн хүүхэд вэ?” гэж надаас асуудаг. Би “Хэнтий нутгийн хүүхэд” гэж хариулж сураагүй хүн дээ… Яагаад ч юм гуниг хургасан цээжинд минь энэ үг түрүүлж буудаггүй юм. Харин би “Өвгөн ноён Хардэл жанжин бэйс Пүрэвжавын нутгийн хүүхэд дээ” гэдэг. Хүн бүхэн л “Өө, Өндөрхааных, аваргын нутгийнх юм байна” гэцгээнэ. Харин одоо миний найзуудын ихэнх нь “Өвгөн ноён гэж хэн юм бэ” гэж асуудаг. Сэтгэл эмзэглэмээр…
Өвгөн ноёны гуулин хээр, зандан хүрэн, зандан шоо, хонгор зээрд гээд л халхын домогт хурдан хүлгүүдийн тухай үлгэр домгийг аав минь надаар яриулах дуртайсан. Хүн бүр аавыг минь танихгүй. Тиймээс л би аавыгаа дурсан санаж, хүмүүстэй танилцах бүртээ “Өвгөн ноёны нутгийн хүүхэд” гэж хэлдэг юм.
Би айлын ганц хүү. Дээрээ нэг эгчтэй. Эгчийн минь дээр олон охин төрөөд тогтоогүй гэдэг юм. Ижий аавдаа тогтож үлдсэн нь бид хоёр шүү дээ. Бурхан зарим нэг хүний нуруун дээр зовлонг хэмжээ хязгааргүй овоолж орхиод эргэж хардаггүйн хэцүү жишээ энэ.
Хэнтий аймгийн Батноров сум, Гурван Баяны хоолой, Уртын голын хөндий, Цагаан нуурын эрэгт миний бага нас өнгөрчээ. Голомтыг нь залгах ганц хүү нь гурван нас хүрч дэгэж дэрвэх насандаа хүрсэн ч ямар өвчин туссан нь үл мэдэгдэж шөнөжингөө уйлж, өдөр нь сэрэх ч үгүй нүдээ анин унтах болжээ. Аав минь амь болсон хүүгийнхээ төлөө өр зүрх нь зүсэгдэж, адуугаа хураан шогшиж явахдаа эзгүй талд хэчнээн их уйлсан бол доо гэж бодохоор цээжин доторхи бүхий л эд эрхтэн минь урагдах шиг болдог.
Хавар болохоор Уртын гол эргээ халин үерлэж Гурван Баяны хоолойг алсын уулын оройгоос харвал аварга том мөнгөлөг халимны нуруун дээгүүр адуу мал бэлчээрлэн яваа шиг үзэгддэг. Тэр өдрүүдийн нэгэнд холын хүмүүс Уртын голын дунд гарам дээр наашаа ч үгүй, цаашаа ч үгүй гацаж орхижээ. Ах, аав хоёр минь усанд хөллөдөг хоёр том шараараа машиныг нь татаж гаргасан гэдэг. Хожим би долоон настайдаа тэр хоёр үхрийн дэргэд очин, номхон шарга мориныхоо амыг нь татан алхааг нь зөөлрүүлж байгаад дөрөөн дээрээ өндийтөл надаас өндөр байж билээ. Тийм л том эр үхэрнүүд өнөөдөр Хөхүүрийн номин талд ховордож байгаа нь харамсмаар…
Өнөөх машины урд суудал дээр лам байрын хүн сууж явааг хараад ах минь “Манай ахын хүү нь өвдчихөөд байгаа юм аа. Та үзээд өгөөч” гэсэн гэдэг. Сүхбаатарын уугуул иргэн Д.Давааням гэдэг тэр лам намайг гурав үлээчихээд гарсан юм гэнэ лээ. Түүнийг гарсны дараа би гэрийнхээ ганц гоёл болсон хээтэй ногоон хивсэн дээр далай шиг их шээчихээд л эгчийнхээ тоглоомноос булаацалдан тоглож гарсан гэдэг. Ингэж л шөнө болохоор үүд рүүгээ зааж ногоон гэрэл асаад байна, авдран дээр байгаа улаан гэрлийг унтраагаач хэмээн уйлж, ижий аав хоёрынхоо нойрыг олон удаа хугасласан муу хүү нь хүн болсон түүхтэй юмсанж.
Миний аав адуучин хүн байлаа. Аавын минь адуунд, наадамд унадаг ганган хийцтэй хос морьд олон. Асрын өмнө торгон жолоо өргүүлсэн аргамаг хүлгүүд ч олон. Наадамд унадаг гоё сайхан морьд адуун дундаас нь барих гээд очиход уран толгойдоо хуйв хүргэлгүй надаас хулжин оддогсон. Харин аав минь тэднийг ганцаар, саргүй шөнөөр ч оосорлоод барьчихдаг байж билээ. Аав минь БНМАУ-ын эмнэг хангал сургалтын спортын мастер хүн. Энэ цолыг бүр наймдугаар ангид байхдаа хүртсэн гэж байгаа. Одоо ч ээжийн минь арслантай авдрын дээд талын тавиур дээр жижигхэн улаан үнэмлэх байдаг. Түүн дээр “Төрөлх сургуулийнхаа түүхэнд тэмдэглэгдэх гавьяат үйлсийг бүтээж БНМАУ-ын эмнэг хангал сургалтын спортын мастер цолны болзол хангасан тул үнэмлэх олгов” хэмээн бичсэн нь буй. Аав минь ийм л гавьяатай хүн. Хулан шиг ардаг, омголон хүлгүүд аавыг минь дэлтэй шарга мориндоо уургаа тулан очиход хонь шиг номхон болчихдог. Басхүү Батноров сумынхаа наадамд хоёр жил дараалан их насны дөрвөн морио айргийн тавд цоллуулж байсан удаатай. Сум бүү хэл овооны наадамд ч нэг хүний уясан дөрвөн морь айргийн тавд цуварч ирсэн түүх Сэцэнханы нутагт лав үгүй.

Аав минь гаднаа бусад аавуудын л адил уурлаж, зандардаг хүн байсан. Гэвч аавын минь дотор хүү, охин хоёроо л гэсэн хайр үргэлж нуугдаж, сэтгэлийг нь баясгаж, бас гуниглуулдаг байсан биз ээ. Нэгэн үе “Халтар царайт”-ыг үзэхээр аавын дүү Г.Бадамсүрэн ахынд бид хоёр орой болгон зочилдог байсан юм. Кино хараахан гарах болоогүй, би гадаа хүүхдүүдтэй тоглож байгаад орж иртэл аав дэргэдээ гурвын бетонтой юм тавьчихсан ууж сууна. “Та архи уугаад байна уу” гээд л ширүүхэн асуутал “Үгүй ээ, аав нь ус л ууж байна шүү дээ” гэв. Би ч үнэртэж үзээд тархи мансуурам үнэр хамар үл цоргиж байсан учир “Аан тийм байна” гэчихээд л гараад гүйчихэв. Тоглож байгаад киногоо ч мартаж орхижээ. Гэр рүүгээ харих замд аав минь морин дээрээ гуйвж дайвна. Өглөө мэдэхнээ нэрмэл ууж суусан юм билээ л дээ. Аав гэрийнхээ гадаа ирж уяаны дэргэд буугаад хүүгээ өвөр дээрээ суулган “Аав нь хүүдээ юм яръя” гэж байна. “Ядаргаатай юм бэ, та одоо! Хүүгээ хуурч архи уучихаад юугаа ярих гээд байгаа юм!” Аав ч чимээгүйхэн л гэртээ оронгуут хоймортоо сууж тамхилчихаад унтахаар хэвтлээ. “Чи аавыгаа уурлуулчихсан юм уу” гээд ээж над руу харав. Одоо ч ээжийн зэмлэсэн харц, аавынхаа гомдсон дүрийг дотроо ургуулах бүрийд нутгийн минь уул шиг хөх өвгөчүүлийн уурганы хуйв нуруун дундуур минь тасхийх шиг болдог. Харин би аавыгаа ганц л баярлуулсан шиг санагдана. Хэдэн настай байснаа яг таг санадаггүй юм. Аав минь надаас “Миний хүү дотор нь ороод суудаг, өөрөө гишгээд “үрүүл”-ийг нь залаад явдаг удирдлагатай машин авах уу? Ахындаа байдаг шиг зурагттай болох уу?” гэж асуулаа. Тэр үед МУГЖ, зууны манлай эстрадын дуучин, поп дива Сарантуяагийн “Салхины хээ” дууг сонсож, тэрхүү дуундаа дурласан жаалхүү байсан юм. Би зурагттай болохыг хүссэн. Аав минь баярлаж байна гэж жигтэйхэн, яг л хүүхэд шиг хөөрч байв. “Миний хүү ч эрдэмтэй хүн болно оо” гээд зулайг минь үнэрлэж суусан нь санаанаас ер гардаггүй юм. Муу аавыгаа баярлуулж, бас гомдоож, инээлгэж, өр лүү нь өшиглөн уйлуулж өсчээ, би.
Олон сайхан морины дуунууд сонсоод л суух дуртай хүн байж билээ. Надаар дуулуулах бүр их дуртай, би ч дуулж өгөх дуртай. Ингээд л аав минь янжуураа асааж, би ч
“Холын газраас бөмбөрөн гүйгээд
Холхи газрын хаяа хүрнэ ээ
Хүннү үеэс цуутай ажнай
Хүслийн алдрай дэлтэй шувуу” гээд хэрэндээ л сайхан дуулах гэж хичээнэ. Харин аавын минь “Ийм сайхан дууг хамгийн сайн дуучин аавд нь дуулж өгсөн юм чинь хоёулангийнх нь саарал халзан морь айраг амсана даа” гэж байна. “Тэр сайн дуучин нь хэн юм бэ, аав аа” гэхэд минь ишинд нь тултал сорсон янжуураа ээтэн гутлынхаа зулган дээр нухчиж унтраачихаад өөдөөс минь инээмсэглэв. Тэгснээ “Миний муу шар хүү л байхгүй юу” гэлээ. Тэр өглөө морь минь дөрвөн хөлөө нугалчихаад хазаар даран хэвтэж байв. Ах минь ирээд “Бал ахаа, саарал халзан өнөөдөр мултрах байх аа, явуулаад дэмий юм биш үү” гэлээ. Дотор минь палхийгээд л явчихав. Би наадамд уралдахгүй өнжинө гэхээс туйлын ихээр айдаг байсан. Харин аав минь “Үгүй, жинхэнэ туранхай ир нь орчихсон байна шүү дээ” гэв. Үнэхээр л би саарал халзантайгаа магнайдаа тоосгүй түрүүлсэн дээ. Аав минь хүүгээ бус мориныхоо алтан толиур магнайн дээр уруулаа наан үнсэж байсныг би тодхон санадаг. Санах бүрийд л дотор минь нэгэн зүйл сэрж, хоолой минь хорсож, нүдэн дээгүүр нулимс бүрхээд л ирнэ. Аав минь молор эрдэнээ ингэж л хайрладаг хүн байлаа.
Жаахан халамцаад ирэхээрээ 
“Долоовор хуруундаа зүүний сорвитой
Дээлийнхээ энгэрт сүүний үнэртэй
Орсон гарсанд дуутай, цайтай
Олонтой явахын заяа түшсэн
Ай даа, хань минь чи наддаа
Амьдрал ивээх нар минь юм даа”
хэмээн дуулна. Тэгснээ төгсгөлийн бадгийг шуудхан үргэлжүүлж 
“Цагийн урсгалаар хайр минь лавшраад
Цайных нь амтанд хамт сүлэгдээд
Цуварч уурлаж, цугтаа инээж
Цаанаа чи минь намбатай болжээ” гээд дуулж дуусав уу, үгүй юу нүд нь чийгтэж орхисон байдагсан. Эр хүний нулимс ховорхон унадаг гэж ярьдаг. Үүн шиг үнэн зүйл үгүй юм шиг. Гэвч эр хүн заримдаа бүсгүйчүүдээс ч уяхан болчихдог үе байдаг шүү дээ…

Аав минь Хэнтий аймгийн Алдарт уяач цол хүртсэн өдөр. Дүү нарын хамт

Аавынхаа өвдөж, зовж байсныг би лав үзээгүй. Дэндүү омголон, дэндүү тансагхан амьдралыг аав минь туулсан. Товруу мөнгөн хазаар, Тожил хийцийн их гарын эмээл, морин зуузайтай амгайвч, уяаны эргүүлэг, хулсан ташуур, өлзий хээтэй ган дөрөө, суран бугуйл, оонын арьсан хуйв, хүрэн торгон дээл, бажгар шар дурдан, элдсэн сурнуудаа тосолж хадгалсан хөх модон авдар, дэлийг нь зассан хос морьд л аавын минь гоёл байлаа. Ёстой ганган хүн дээ, миний аав. Сургуулийн амралт болохоор аавыгаа хүлээн сумын төвийн зүүн хойд дэнж дээр гараад суудагсан. Аав минь ергөө хул морио уначихсан, хүүгийнхээ номхон шарга моринд жижигхэн мөнгөн дөрөөтэй эмээлийг минь тохчихсон Бүрдэн толгойн энгэрээр ёстой л нэг товолзтол хатируулсаар гарч ирнэ. Манай суманд лав над шиг мөнгөн дөрөөтэй, хоёр бүүргэндээ хээтэй хөнгөн цагаан баавартай ганган эмээлтэй хүүхэд байгаагүй юм шүү. Товч нь тасарчихсан дээлийнхээ хормойг салхинд дэрвүүлсээр аавыгаа тосч гүйнэ. “Та намайг шүүрээд л моринд минь мордуулаарай” гэж явуут дундаа хашгирна. Хөтөлгөө мориных нь эсрэг талаар гүйхээ ч би мэднэ. Аав минь намайг сэвхийтэл өргөж аваад л эмээл дээр суулгачихдагсан. Цэнхэр зэрэглээ наадсан Хөхүүрийн номин талд энэ торгон агшин жилд хоёр удаа давтагддаг байлаа. Тэр мөч л миний хамгийн аз жаргалтай үе байсан. Гэвч одоо дурсан суухад өөрийн эрхгүй самсаа минь шархирч байнам. Энэ дурсамжийг гээчихье гэхээр буцах шувуудын жигүүр даахгүй, голын урсгал эргээ балбан тэлчлээд урсаж өгөхгүй зовооно. Тэгээд л дотор минь оршсоор буй нь энэ.
Ийм гэгээн тунгалаг эцэг хүнийг тэнгэр өршөөсөнгүй. Аав минь хамгийн очих дургүй газар болох “Халдвар судлалын үндэсний төв”-д амьсгал хураасан билээ. Эргэж очих бүрийд минь “Аав нь зүгээр ээ, аав нь өвдөөгүй шүү дээ” гэнэ. Харин тэнгэрт халихынхаа өмнөх өдөр ээжид минь “Ямар их өвдөж байна аа. Болдогсон бол уйлмаар л байна, даанч би жаахан хүүхэд биш шүү дээ” гэсэн гэдэг. Ээж минь сүүлд нь уйлж суухдаа энэ үгийг хэлж билээ. Би ч өөрийн эрхгүй дагаад уйлчихсан. Хоёрдугаар курсын оюутан би “Үндэсний мэдээ” сонинд ажиллаж байсан цаг. Ажил гэж гүйсээр аавыгаа ч олигтой асарч чадаагүйгээ бодохоор гишгэсэн мөр бүхнээ баллаж орхиод араас нь явчихмаар санагддаг. Гэхдээ дуу шиг холын алсад суугаа аав минь хүүгээ тосч аваад өвөр дээрээ суулгахгүй бол яана гэхээс айдаг, гомдож тунирхсан эр хүн дуугаа хураачихаад л чимээгүй суудаг юм шүү дээ.
Аавынхаа сүүлчийн үгийг би сонсч амжаагүй. Харин нөгчихөөс нь хэд хоногийн өмнө өвөрт нь хоносондоо дотроо баярлаж явдаг. Өглөө унтаж байгаа дүр үзүүлэн хэвтэхэд аав минь эгчид ийн ярьж сууна. “Хүү минь миний өвөрт хоночихлоо. Уг нь би том болсон хүн шүү дээ гээд унтдаггүй юм. Харин өчигдөр аавынхөө хөлийг шөнөжин барьж суугаад үүрээр л нэг юм дугхийв шив дээ. Ах нь ч эдгэсэн юм шиг сайхан байна” гэж билээ. Тийм ээ, аав минь өвчин тусаагүй, туссан өвчин нь эдгэчихээд тэнгэрт гарсан гэж би боддог. Удахгүй буугаад ирнэ.
“Бодлынхоо үзүүрт аавтайгаа
Уулзах гэж өндөлзөн сууна би
Багынхаа зангаар замыг нь 
тосоод
Гүймээр хүүд чинь санагдана
Хазаарын амгай ханхийхэд
Самсай минь аяндаа борхирдог
Холын холоос аавыгаа эрэх л гээд
Хорвоогийн наран эргэдэгсэн
Тэртээг зорьсон аавыгаа
Ирнэ гэж хүлээдэг би аавтай хүн
Хүү минь хаана байна гээд
Хүрээд ирэхийг нь хүлээж суудаг би аавтай хүн” гэж дуулдаг юм, уйлдаг юм, би.
Даанч та минь дуулаад, уйлаад, дуудаад ирэхгүй алсад…
Эх сурвалж: Нээлттэй хаалга сонины сэтгүүлч, яруу найрагч Алтанхуяг

Wednesday, January 4, 2017

Хан тэнгэрийн сахиус

Хан Тэнгэрийн сахиус - Нэгэн эрвээхэйн мөрөөр

ОУХМ, уулчин Төмөрбаатарын Ичинноров
1991 оны долдугаар сар. Хан Тэнгэр уулын авиралтын үеэр. ДТД 4200 метрийн өндөрт. Эхний өдөр...
Эргэн тойрон шовх өндөр уулс, гүн хөх тэнгэр, хөвөгч үүлс, нарны гэрэлд гялбалзан гялтганах цас мөс... Өөр юу ч үл харагдана.
Намайг ирж авах хэн нэгнийг би өдөржин хүлээлээ. Баруунаа таших нарыг шовх оргилуудын цаагуур орж амжихаас нь өмнө үүлс халхлав. Оройн сэрүү орж, жиндэж эхэллээ. Би далайн түвшнээс дээш 4200 м өндөрт, уулсын дунд ганцаархнаа байна. Монголынхоор бол Алтай таван Богдын Хүйтний оргил дээр байгаатай адил. Хором өнгөрөх тусам харуй бүрий зузаарч, би үүргэвчнээсээ жижиг майхнаа гарган мөсөн дээр босгоод дотор нь орлоо. “Ингэхэд, арай энд хоночихгүй байгаа?!”. Түнэр харанхуйн хамт айдас нөмөрч эхлэв. Араа шүдээ арзайлгасан аймшигт араатан харанхуйн дундаас үсрэн гарч ирэх гээд байгаа ч юм шиг... Салхи хүүгэн исгэрч, муу майхныг минь хүү татчих гээд, үнхэлцэг зүрх амаар гарах нь ээ.
...Өглөөхөн уулчдын хамт 5400 м хүрч өндөр авахаар үндсэн баазаас гарахдаа мэдсэн юм шиг л майхан, аяны хөнжлөө үүргэвчиндээ хийсэн минь аз боллоо. Тэгээгүй бол ч...
Миний дасгалжуулагчаар Монголоос хамт яваа залуу өөр уулчдын хамт түрүүлээд буучихсан юм. “Дээр оросын хоёр гурван уулчин үлдсэн. Чи хүлээж байгаад ирэхээр нь хамт буугаад ир” гээд тэр намайг үлдээсэн. Тэгтэл өнөөдүүл нь ирсэнгүй. Юу болсныг сайн ойлгосонгүй. Би майхныхаа үүдийг цахилгаандаад аяны хөнжилдөө шургалаа...
Хоёр дахь өдөр
Сэрээд нүдээ нээлээ. Өглөө болсон бололтой. Босох гэтэл дээрээс хүнд юм дарчихаад хөдөлгөсөнгүй. “Нөгөө лавь гээч нь нураад дарчихсан юм болов уу. Ингээд л үхэх юм байх даа...” гэсэн бодол харван орж ирэв. Гэвч зүгээр хэвтээд байж бас боломгүй. Дороос нь чадлаараа цохиж, хөдөлсөөр байгаад майхнаасаа мөлхөн гарч ирлээ. Тэгтэл майхныг лавь биш, шөнө орсон цас шуураад дарчихсан байж. “Ямар өглөөний цайгаа ууна гэх биш, үндсэн ажилдаа оръё доо”. Үндсэн ажил маань хол ойрын барааг нүдээ чилтэл харуулдах...
Ашгүй, 9.00 цагийн үед доороос нэг америк хүүхэн, хоёр казахстан залуугийн хамт хүрч ирлээ. Тэд хажууд ирж, хоорондоо шулганан ярьж байснаа хувцас хунараа солиод дээшээ яваад өгөв. Тэднийг бууж ирэхээр нь би хамт доошлохоор шийдлээ.
Нэлээд удсаны дараа хэн нэгний зовиуртайгаар гингэнэх нь сонстоход майхнаасаа ухасхийн гарвал нөгөө гурав маань бие биеэ түшчихсэн ирж явав. Хүүхнийх нь гуя тэр чигээрээ гэмтэн цус нөжиндөө холилдож, хоёр талаас нь дэмнэх залуус бэмбэгнэн чичирнэ. Тэдний дээрээс лавь нурсан гэнэ. Лавь гэдэг нь зүгээр нэг цасан нуранги биш, цас том том хад чулуутай холилдон, тэнгэр дуугарах мэт нүргэлэн бууж ирэхийг хэлдэг. Хэрэв тэд эрт явсан бол ийм зүйл тохиохгүй л байсан болов уу. Учир нь, шөнө явдаг замаар өглөө аажуу явахаар лавь нурах магадлал ихэсдэг... Тэд намайг гэх мантай тул би ахиад л үлдлээ.
Гурав, дөрөв, тав, зургаа дахь өдөр...
Өдөр нь майхныхаа гадуур цас мөсөн дээр сууж босон өнжинө. Орой болохоор майхандаа орж аяны хөнжилдөө шургана. Тэгээд, тэмдэглэлийн дэвтэртээ хэдэн юм сараачна... Хэд хоног хэлэн дээрээ юу ч тавьсангүй, цас идлээ гээд ядаж амны цангаа ч гарахгүй юм. Хамаг бие хар аяндаа сульдаж, хавагнан пэмбийсээр. Араатан амьтан ирэх вий, дээрээс лавь нураад дарчих вий гэж айхаа ч бүр өнгөрөв. “Яажшуухан л хэдэн хүүхдэдээ амьд мэнд очдог юм билээ”...
Ийм байдлаар тав хоноход над дээр хэн ч ирсэнгүй. Уул, цас, тэнгэрээс өөр зүйл, бас надаас өөр амьд амьтан энэ хорвоо дээр үгүй юм шиг л...
Намайг уулын орой дээр амьдарч байх тэр өдрүүдэд нүдэн дээр минь Чапаев оргилоос ч, Ялалт оргилоос ч, ерөөс хаа сайгүй лавь нурсаар. Нээрэн, би нэг зүйлийг хэлэхээ мартаж. Яагаад өөрөө буухгүй, хүн хүлээгээд суугаад байгаа юм бол гэж та гайхаж байна уу? Нааш өгсөх замд мөсний хаг гээд харайж гарахын аргагүй том ангал бий. Түүн дээгүүр заавал шат тавьж гардаг, эсвэл олс хаяж нэгийгээ онхолдож унатал нь хүчтэй татаж гаргадаг, тийм ангал. Хэд хоногийн өмнө бид олуулаа явсан болохоор нэгнийхээ дэмээр ангал дээгүүр гарч ирсэн юм. Харин одоо бол ганцаараа буух аргагүй...
Тав хоног хүн хүлээгээд найдлага тасрав. “Энд ингэж зүгээр сууж байгаад үхэхээр, ерөөсөө явдаг ч юм бил үү” гэж бодоод өндийх гэтэл, нэг жижигхэн хүрэн эрвээхий хаанаас ч юм хүрч ирээд майхны дотор хананд наалдчихсан байхыг олж харлаа. Эвэр нь үл мэдэг хөдөлчихөөд, нүд нь бүлтийгээд л байгаад байх юм. Анх удаа амьд амьтны бараа харсан чинь хацар дээгүүр нулимс халуун оргиулан бөмбөрлөө. “Эрвээхий минь, би есөн хүүхдийн ээж. Алс хол Монгол нутгаас энэ Хан Тэнгэр уулыг зорьж ирсэн. Намайг өршөөж хайрлаач. Би өөрийг чинь миний нутгаас амийг минь авруулахаар илгээсэн гэж бодож байна...”. Би гуйж, залбирч, сүүлдээ нөгөө эрвээхийндээ ээжийн тухай дуу ч дуулж өгөв.
...Бөмбөр бөмбөр модондоо
Бүргэд шувуу бөөрнө дөө
Бөөрөнхий биеийг минь өсгөсөн
Ээжийнхээ ачийг яалаа даа...
Уг нь би нэг их дуулаад байдаггүй л дээ. Гэтэл аялсан дуундаа уяраад, хоолой зангирч, улам ихээр асгаруулж байлаа. Тэр эрвээхийтэй ярьж, уйлсаар байтал нэг л мэдэхэд хоёр хоног өнгөрч, эцэст нь хамаг чадал барагдаад, алчууранд цас боож аман дээрээ тавьчихаад нүдээ анин хэвтлээ...
Долоо дахь өдөр
...Гарт минь зөөлөн, халуун юм хүрэх шиг болоход би нүдээ алгуурхан нээв. Миний дэргэд оросын хоёр уулчин ирчихсэн, нэг нь дээрээс тонгойн, гарыг минь зөөлөн атгаж байлаа. Эхийн хэвлий л ийм байдаг болов уу, тийм дулаахан, зөөлхөн...
...Өршөөгөөрэй, ингээд түр азная. Уншигч таныг бүр төөрөгдүүлэх нь. Би гэдэг нь би биш, монголын хамгийн өндөр настай уулчин, ОУХМ Т.Ичинноров эгч юм шүү. Харин үүнийг бичигч би вээр зүгээр л түүний оронд өөрийгөө тавьж үзсэн төдий. Гэхдээ л, Хан Тэнгэр ууланд, 4200 метрийн өндөрт гав ганцаархнаа долоо хоносон юм шиг мэдрэмж төрж, даарч жиндэх ч шиг, айж бэмбэгнэх ч шиг, гайхан баярлах ч шиг, ерөөс жижигхэн зүрх минь яахаа мэдэхгүй тонгочин булгилж байх шиг санагднам. Ингээд таныг жинхэнэ баатартайгаа уулзуулъя даа.
Жагдалын Баярхүү. Таныг спортын гимнастикаар хичээллэдэг байсан гэж сонссон. Уг нь гимнастик эмэгтэй хүнд уулнаас ч илүү тохирмоор, нэг тийм нандин спорт шиг санагдах юм...
Төмөрбаатарын Ичинноров. Би чинь монголын анхны гимнастикч хүн шүү дээ. Гимнастикийн I зэрэгтэй. 1955 онд Прагад зохиогдсон Дэлхийн залуучууд оюутны их наадамд анх гимнастикаар оролцож байлаа. Хорин хоёр нас хүрчихсэн, үйлдвэрийн ажилчин болчихсон байсан үе. Тэгэхэд, спортын талаар юу ч мэдэхгүй, анхны бэлтгэлдээ урт улаан даашинзтай очоод “Энэ нөхөр наргиан цэнгээнд явах гэж байгаа юм байх даа” гэж шоолуулж байлаа. ЗХУ-ын гавьяат мастер Абирмен гэдэг хүний удирдлаган дор ингэж бэлтгэл сургуулилт хийж эхэлснээс хойш 60 гаруй жил спортоор тасралтгүй хичээллэж явна. Тэрний ач гавьяа ч юм уу, энэ жил Ихо эгч нь 86 нас наслаад сууж байна даа.
Ж.Б. Гимнастикаар олон жил хичээллэж, амжилт үзүүлээд явж байснаа та гэнэт л уул руу урвачихсан. Тухайн үед, ууланд эрчүүд л явдаг гэх ойлголт нийгэмд байсан байж таарна. Насны хувьд ч 40 гарчихсан, бас олон нялх нойтон хүүхэдтэй байсан. Гэтэл энэ бүхэн танд хориг болж чадсангүй...?
Т.И. Тэр үед би намын гишүүн байсан. Ер нь бол намын даалгавраар, албан журмаар л ууланд явж эхэлсэн л дээ. Манайд Зориг, Гэлэгшийнэн гээд хэдэн сайхан эрэгтэй уулчин байсан юм. Тэд гадаад, дотоодын ууланд авирсан тухай сураг л сонсогддог байлаа. 1973 онд Монголын эмэгтэйчүүдийн байгууллага үүсч хөгжсөний 50 жилийн ой, Ардын хувьсгалын 52 жилийн ой болох гээд дарга нар хуралдаж, “Гадаадын орнуудад эмэгтэй уулчид байдаг юм байна. Монголд ч гэсэн эмэгтэй уулчдын баг бэлдэж, өндөр ууланд авируулъя” гэж ярилцаж. Дараахан нь манай Аж үйлдвэрийн комбинатын Намын хорооны Дангаа дарга намайг дуудаж “За хүү минь, чи хоёр нэгдлийн үүдэн дээр зарлал бичээд наагаатах. Ууланд авирах сонирхолтой эмэгтэйчүүдийг олж баг бүрдүүлэх хэрэгтэй байна. “Уулын улаан” гэгддэг Раднаа, кино оператор Занабазар хоёр та нарын багш, харин чи тэр багийн ахлагч нь байх юм” гэж шууд тулгасан. Орой нь нөхөртөө хэллээ. Миний нөхөр алдартай аялагч хүн шүү дээ, Тавхай гээд. 1962 оноос тойрон аялал зохион байгуулж эхэлсэн, дэлхийг бараг гурав тойрчихсон хүн. Усаар, дугуйгаар, явганаар, цанаар, өвөл зунгүй өчнөөн олон үйлдвэрийн ажилчдыг дагуулаад аялал хийгээд явдаг хүн байсан юм. “Чадах юм бол тэг ээ” гэж нөхрийгөө зөвшөөрөхөөр нь бөөн хөөр болоод, зарлал наасан чинь 18 эмэгтэй ирсэн. Тэдэн дундаас багш нар маань дөрвийг нь л шилж авлаа. Ойрын зайд гүйдэг “хурдан” Алагаа, одоо хүртэл түүний рекорд эвдэгдээгүй байхаа даа, гар бөмбөг тоглодог Оюунцэцэг, хөнгөнд гүйдэг Галя, тэгээд би.
Ж.Б. Уучлаарай, яриан дундуур нь нэг юм тодруулъя. Монголын эмэгтэй уулчид 1969 онд анхны авиралтаа хийсэн гэх юм билээ. Гэтэл та анхны эмэгтэй уулчдын багийн ахлагч гэхээр нарийн учрыг лавлах хэрэгтэй боллоо?
Т.И. Тийм тийм. Өмнө нь, бас нэг их хурал тохиолдуулаад Гэлэгшийнэн, Халтар, Раднаа багш гурав анх эмэгтэй уулчдыг Асралт хайрханд авч гарсан юм билээ. Тэгэхэд газар газрын эмэгтэйчүүд нийлж нэг удаа авирчихаад л тараад явчихсан. Харин дараа нь бид 1973 онд албан ёсоор анхны багийг бүрдүүлсэн нь энэ. Баг бүрдсэн өдрөөс л цалинтай чөлөө өгч, биднийг шууд бэлтгэлд гаргасан. Раднаа багшийг “Хөвсгөл аймгийн Улаан тайгын ноён оргилд авирна” гэж хэлэхэд нь бид Богд уул шиг газраар зугаалж яваад ирэх тухай л бодоод байгаа. Тэгээд, Тэрэлжид 14 хоног бэлтгэл хийж, жинхэнэ хэцүү, хатууг ч ёстой нэг үзлээ дээ. Өглөө бүр зургаан километр гүйнэ. Багш биднийг амралтан дээр зөвхөн хоол идүүлэх гэж л очуулна, амрагчидтай ч уулзуулахгүй. Майхныг маань тэртээх баруун уулын хормойд модон дунд аваачаад барьчихсан. Орой гутлаа тайлахад бүгдийнх нь хөл бөөн цэврүү. Утастай зүүгээр цэврүүнүүдийг хагалж, утсаа гүйлгээд л таслаад байна. Шөнөжингөө хөлийн ул шал нойтон, ус нь гоожоод хононо. Би тэгэхэд 42-той байсан. Багийн ахлагч гээд аминдаа гүрийсэн ч “Өчнөөн олон нялх нойтон хүүхдээ хаячихаад ингэж ч зүдэрч явах гэж дээ” гээд буруу хараад уйлна аа. Өглөө босоход цэврүүнүүд усгүй болж, өвчин нь намдчихсан байна. Ингэсээр байгаад сүүлдээ хөлийн ул эвэршээд, яг адууны туурай шиг болчихсон. Нэг өдөр биднийг хаданд авируулна гээд аваад явлаа. Тэрэлжийн хамгийн өндөр хаднаас олс унжуулчихаж. Тэрийг харсан чинь дөрвөн мөч чичрээд жигтэйхэн. Ингээд бид хадны орой дээр хэзээ гарна, тэр хүртлээ л зүүгдээстэй байх боллоо. Хаданд авирахаар хэдэн хурууны өндөг ч бас цэврүүтэж хатсаар, сүүлдээ эвэршээд ирсэн. Ингэж л уулчин болсон юм шүү дээ.
Биднийг анх ууланд явахад онгоцны буудал дээр ажилчин залуучууд ирж жирийтэл жагсаад гаргаж өгч байсан юм. Улс орон даяар л юм болсон шүү. Бид дөрвөөс гадна Хөвсгөлд нэг эмэгтэйг бэлдсэн байсан, Одгэрэл гэдэг, 19-хөн настай цаатан охин. Мөрөн ороод, тэндээс Улаан-Уул сум руу царцаа ногоон онгоцоор ниссэн чинь ходоодоо эргэтэл бөөлжөөд, толгойгоо даахаа больж байгаа юм. Тэгэхэд хүртэл “Хөгшин хүн ингэж ч явах гэж дээ” гэж бодогдож байсан. Улаан-Уулаас цааш тэмээн дээр ачаагаа ачаад, морь унаж чаддаггүй нэг нь хөтлүүлчихээд, нутгийн хоёр үйлчлэгчтэй гарч өглөө. Хоёр өдөр, хоёр шөнө бороо, шороонд нүдүүлж явсаар зорьсон газартаа хүрэв. Хүн амьтангүй эзгүй тайга, байгаагаас хэдэн цаатан. Бид заримдаа цаатангууд дээр очиж, урцанд нь орж дулаацна. Тэнд долоо хоног тасралтгүй бороо орж, эцэст нь бид авиралтаа хийхээр боллоо. Улаан тайгын ноён оргилыг тувачууд “Алтан таг” гэж нэрлэсэн юм билээ. Тува, Монголын хил дээр байдаг. Цаашаа 14-хөн километр яваад л Тува. Тэр их сонин оргил. Шөнийн 3.00 цагт бид дайралтаа эхэлж, маргаашийнх нь үдээс хойш 17.30 орчимд оргил дээрээ гарсан. Оргилд дөхөөд ирмэгц тэнгэр дуугарч мөндөр ороод, цахилгаан хамж авч явчих гээд, тэгснээ төдхөн нар гараад л, ёстой элдвийг үзүүлж байгаа юм. Тэгтэл Раднаа багш “За охид минь, одоо дөрөв тавхан метрийн цаана оргил байна. Та хэд минь ингээд оргилоо эзэл!” гээд надад тугаа бариулаад өмнөө гаргав. Бид ч мэгшицгээгээд л оргил руугаа яваад гарлаа. Тэгтэл оргил дээр жигтэйхэн том хадан тогоо, өнгийгөөд харахаар дотор нь дүүрэн ус мэлтэгнээд нүүр харагдаад л, хажууд нь нэг их том хадан данх, цорготой, цоргоор нь уулын энгэр рүү ус гоождог, бүр сэнжтэй, данхны тэр сэнжээр нь бид шургаж орж гараад л... Хоёр багш маань араас гарч ирээд “За миний охид, олон цаг явсан болохоор ам нь цангасан байгаа, одоо энэ их уснаас ханатлаа уу” гэсэн. Бид ч хадан тогоотой ус руу ороод залгилж гарлаа. Гэдэс цанхайгаад ирэхээр нь өндийгөөд гүн амьсгал авахад л зүгээр болчихно. Ёстой мөнхийн рашаан гэж тэр л байсан байх. Тэрнээс балгаснаас хойш хэчнээн ч олон ууланд гарав, хэчнээн сайн явав, бид. Алтан таг 3351 м өндөр, ерөөсөө л хадан уул. Алсаас их өндөр авч явдаг, цас багатай, хаднуудынх нь завсраар мөнх ногоон мөстэй, тийм уул.
Ж.Б. Алтан таг оргилд урьд нь эрэгтэй уулчид авирч байсан уу?
Т.И. Хэн ч авирч байгаагүй. Тэр авиралтаас хойш ч хүмүүс тийшээ ахиж ер яваагүй. Их зүдэрч хүрдэг уул л даа. Байгаль нь их хүнд, зуны цагт ус бороотой, өвөл бол бүр явалтгүй.
Бид уулнаасаа шөнөжин буугаад, өглөө нь майхандаа очоод нам унтаж байтал хүн ирж харчихаад явсан байгаа юм. Улаан-Уул сумын II бригадаас нэг залууг морьтой давхиулж л дээ. Тэр нь цаатангууд дээр ирээд “Баахан эмэгтэй улс ууланд авирна гээд явсан, сураг байна уу?” гэхэд нь “Байхгүй ээ, өчигдрөөс хойш чимээ алга. Одоо бүргэдийн хоол болоо байлгүй” гээд сууж байсан гэдэг. Тэгээд тэр цаатангууд биднийг ирж харчихаад “Бүгдээрээ ирээд унтаж байна, яг тоолсон чинь долоон хүн байна” гээд жигтэйхэн баярласан гэсэн. Тэр дороо л Хөвсгөл аймгийн “Хөдөлмөр” сонинд “Улаан тайгын таван бүргэд” гээд биччихсэн байсан.  
Ж.Б. Хоёр жилийн өмнө тантай Сутай хайрханы бэлд таарч байлаа. Та хамгийн сүүлд хаана авирав?
Т.И. 2015 оны 10 дугаар сард Отгонтэнгэр хайрхандаа гараад ирлээ. Манай багийн дасгалжуулагч Найдан гэж байсан юм. Найдан багшийн ууланд авирсны 60 жилийн ойг тохиолдуулаад хүү нь тэр аяллыг ивээн тэтгээд, “Аавынхаа гишгэсэн газар гишгэмээр байна. Багийн ахлагчийг нь заавал авч явна” гэсэн юм. Тэгтэл Отгонтэнгэр хайрхан айхавтар цасан шуургатай, хүйтэн салхитай байж таарсан. Мөнх цасны хормойд очоод л би ёстой яг суусан. Уйлаад, залбираад, сунаж мөргөөд, Отгонтэнгэртээ бүр хөгөө тарьсан даа. Одоо Ихо эгч нь ахиж авирахгүй ээ. Болох нь тэр. Хамгийн сүүлчийн авиралтаа 85 насандаа хийлээ шүү дээ.
Ж.Б. Та уул руу, нөхөр тань аялалд яваад өгөхөөр ар гэрийг тань хэн хариуцаж үлддэг байсан юм бэ?
Т.И. Хүүхдүүд маань бүгдээрээ биеэ даачихсан, том нь багыгаа өсгөөд л явчихсан. Тэгээд ч миний нөхөр их мундаг хүн байсан. Спорт мэддэг, гэр орны ажилд сүрхий, үр хүүхдүүддээ хайртай. Хань сайн байвал хүн чинь яваад л байна.
Бас ажлын хамт олон ар гэрийг минь байнга эргэж тойрно. “Танай хүүхдүүд ажилсаг юм аа. Бид эргэж байгаа нь энэ гээд танайд очиж идэж хэвтэж байгаад л ирэх юм. Биднийг банштай цайгаар дайлсан шүү” гэнэ. Наадмын үеэр авиралт таарлаа гэхэд манай хүүхдүүдэд хөөрхөн хувцас хунар аваад өмсгөчихсөн байдаг байж билээ. Тийм сайхан хамт олонтой байлаа.
Манай есөн хүүхдийн том нь одоо 67-той өвгөн байна. Хамгийн бага нь 45 хүрч байна, намайг авирч эхлэхэд хоёр гуравхан настай байсан юм. Ихо эгч нь одоо 17 ач, 14 гуч, хоёр зээтэй.
Ж.Б. Уг нь та хэд анх эмэгтэй уулчдын баг гэж байгуулсан, гэтэл одоо холимог баг болчихож...?
Т.И. Тийм ээ, гэхдээ энэ бас учиртай. Оросын уулчин Шитаев гэдэг хүн бидэнд захиа бичсэн юм, “Монголд байнга авиралт хийдэг эмэгтэйчүүдийн нэг баг байдаг юм байна. Тэрийг холимог болго” гээд. Яагаад гэхээр, Орос орон нэг олсны долоон сайхан эмэгтэйгээ Кавказын ууланд алдчихсан юм шүү дээ. Ангалд цасанд дарагдчихсан байсныг нь бүр 14 жилийн дараа олсон. Шитаев өөрөө мундаг уулчин, түүний эхнэр осолдсон багийн ахлагчаар явж байсан юм билээ. Тэгээд уулчдын багт эрэгтэй хүн заавал байх хэрэгтэй гэж үзсэн юм. Манай багийнхан гадаад дотоодын бүх л өндөр ууланд авирсан даа. Одоо манай багаас дөрвөн Гавьяат тамирчин, 42 Спортын мастер төрж, түүнээс 26 нь ОУХМ болоод байна. Ихо эгч нь их юм хийсэн байгаа биз /инээв/.
Ж.Б. Зөвхөн өөрийн амь биеийг хариуцах бус, баг ахалж бусдын амийг давхар хариуцаж явна гэдэг амаргүй байж таарна...?
Т.И. Баг хариуцаж яваа хүн их юм үздэг юм билээ. Би нэг жишээ ярьж өгье. Дуган хаданд манай багийн нэг сайхан залуу нас барсан юм. Залуу хүмүүс хор шартай байдаг болохоор нэг хоногийн өмнө ч гэсэн бэлтгэл хийнэ гээд түрүүлээд давхичихаж. Төдхөн л “Танай Буянтогтох хаднаас унаад байхгүй болчихлоо” гэсэн мэдээ ирсэн. Багийн ахлагч болохоор ганцаараа л тийшээ явлаа. Намайг очиход Борнуурын эмнэлгийн моорогт хийчихсэн байсан. Тэгээд өнөөхтэйгөө ганцаараа ноцолдож, цус нөжийг нь цэвэрлээд, хэцүү юм их бий /санаа алдав/.  
Ж.Б. Өнгөрсөн зун Алтай таван Богдод том осол боллоо. Тэгтэл, нэлээд дээхнэ танай багийнхныг авирч явахад бас нэг том осол болсон гэж сонссон. Уучлаарай, би асуухгүй өнгөрч чадсангүй. Тэнд яг юу болсон юм бэ?
Т.И. 1994 онд бид Увс аймагт Цагаан дэглий хайрханд авиралт хийгээд явж байлаа. Тэгэхэд, манай ОУХМ Цэрэннадмид, тэр жил элэгний шинжилгээ өгсөн чинь тааруухан гарсан гээд, бие нь өвдөөд байгаа болохоор авиралтаас үлдэхгүй юу. Тэгээд өнөөх маань тэр олон уулчдын хоолыг хийгээд л, түлээ түлш олдохгүй, хоёр гурван өдөр уулаар явж шаваг цуглуулаад л... Биднийг ууландаа авирчихаад буугаад ирсэн чинь “Маргааш өглөө эрт буцъя, тэгэхгүй бол түлээ түлш ч олдохгүй юм, хоол хийх мод ч дууслаа” гэж шавдуулаад. Тэр шөнөжин бороо орсон. Маргааш нь бүгдээрээ буух болж, манай баг түрүүлээд явж байтал гэнэт л хажуугаас гэр шиг бор юм “нарх, нарх” гээд ороод ирсэн. Бороо ороод хэдийнэ намжсан байхад уулын үер тэгж гэнэт л хад чулуутайгаа оволзоод ороод ирдэг юм билээ. Тэгээд гуу жалга дагаад цутгаад эхэлсэн. Бид үерийг гатлахаар боллоо. Хоёр гурван хүнээ гаргачихаад би гарах гэтэл Нааяа маань “Ахлагч аа, байж байгаарай, би гаръя” гэж өмнүүр зүтгээд. Хүний үхэл тэгж дууддаг юм билээ. Хөөрхий минь сандчаад л, олсонд бэхэлгээгээ хийгээд гарсан чинь яг урсаж байгаа үерийн дунд хэсэгт очиход нь тасхийсэн чимээ гарч, Нааяа маань үерт нэг далд орж, нэг ил гараад л урсаад явчихсан. Үерийн цаад талд гарсан хүмүүс хашхиралдаад л, наана нь байгаа улс давхар үер рүү орчих гээд. Нэг багийн хүмүүс чинь нөгөөгийнхөө араас орж үхчих гээд зүтгээд, ухаан алдчихдаг юм билээ, ёстой аюултай. Талийгаач маань яарч сандарч байгаад карбинаа дутуу цоожлоод, тэр нь л зад үсэрчихсэн юм болов уу даа.
Маргааш нь үер ч татарлаа. Гутарч гуньсан, уйлж майлсан улс Нааяагаа эрээд явж байтал голын эрэг дээр үүргэвч нь харагдаж байна. Үүргэвчний дэргэд нэг юм байхаар нь “энэ л мөн байх” гэж бодсон. Тэгтэл үүргэвчинд дүүрэн элс чулуу чихээстэй, үерийн ус дотор нь байсан майхныг гаргаад хадан дээр аваачаад тохчихсон, эзэн нь өөрөө байхгүй. Ус гатлах тэрүүхэн зуур л үер хүний гутал, оймс, бугуйн цагийг хүртэл мултлаад аваад явчихдаг юм билээ шүү дээ. Төдхөн нэг морьтой залуу давхиж ирээд “Энэ дор, бригадын төвийн урдхан нэг эмэгтэй хүнийг голын эрэг дээр гаргаад хаячихсан байна, та нарын л нэг байх гэж бодлоо” гэсэн. Тэгж бид Нааяагаа олсон доо. Очиход сэргийлэхийнхэн ирчихсэн шалгаад байж байсан.
Ж.Б. Таныг ийм хүнд бэрхийг үзэж туулаад ирж байхад талийгаачийн ар гэрийнхэн, бас нийгмийн зүгээс буруутгаж л байсан байх даа, бодвол?
Т.И. Тийм шүү. Манай уулчид Увсад үлдэж, би муу Нааяагаа аваад ганцаараа онгоцоор сэгсийгээд хүрээд ирлээ. Талийгчийн дүү Аюушжав гээд эмч хүн байсан юм. Онгоцноос буунгуут л тэр миний үс, хувцаснаас зулгааж “Яагаад та нар өөрсдөө амьд ирж байгаа юм, миний эгч яачихав” гэж орилж хашгираад. Үгүй мөн хэцүү шүү /санаа алдав/. Тэгээд учир байдлаа хэлэхэд бүгдээрээ дэвтэр барьж суучихаад, яаж явсан, яасан ийсэн тухайг бүгдийг нь бичиж аваад л “За одоо л нэг үнэн зөвийг сонсож сэтгэл онгойлоо. Одоо яах вэ, байгалийн гамшиг гэдэг нь л болчихсон юм байна” гээд нэг жаахан тайвширцгааж байгаа юм. Тэнд осол болсон тухай хүмүүс энд янз бүрээр ярьсан гэсэн, зарим нь бүр машинаас түлхэж унагаасан гэж хүртэл ярьсан байсан. Хүн муу, сайн юмыг аль алийг нь л үзнэ. Дандаа сайн сайхнаар явна гэж байхгүй. Энэ дунд буруу зөвийг л ялгаж байх нь чухал юм даа.
Ж.Б. Ийм юм үзсэний дараа дахиад ууланд авирах сэтгэлийн тэнхээтэйгээ үлдэхэд танд юу нөлөөлсөн бол?
Т.И. Нэгэнт л уулын спортод сэтгэл зүрхээ зориулснаас хойш миний хажуугийн хүн байхгүй боллоо гэдэг шалтгаанаар болих эрх байхгүй. Байгаль хүн хоёр холбоотой. Байгаль хүнийг тэгж татдаг. Ямар сайндаа л урин цаг дөхөөд ирэхээр уулаа зүүдлээд байх вэ дээ. Тэр дундаа Отгонтэнгэр хайрхан их зүүдлэгдэнэ. Ууланд явж байгаа хамт олноо зүүдлэнэ. Уул хүнийг нэхдэг байхгүй юу. Зүүдэнд нь ороод байна гэдэг чинь уул тэр хүнээ нэхэж байна гэсэн үг. Уул чинь авируулах хүнээ авируулдаг, авируулахгүй хүнээ авируулдаггүй, их учиртай.
Ж.Б. Ууланд явсан хүн болгонд уул зүүдлэгддэг юм уу, эсвэл ууланд явуулах гээд байгаа хүнийхээ зүүдэнд ирдэг юм болов уу, та юу гэж бодож байна?
Т.И. Ууланд явуулах гээд байгаа хүнийхээ зүүдэнд л уул ороод байдаг гэж боддог. Цуг явсан хүмүүсийн ярианаас сонсоход ихэнх нь зүүдэлдэггүй, ганц нэг нь л уулаа зүүдэллээ гэдэг. Надад бол байнга л зүүдлэгддэг. Тэгээд би “Яагаад уул зүүдлэгдээд байгаа юм бол, уул намайг нэхээд байгаа юм болов уу, би үхэх гэж байгаа юм болов уу” гэж бодно. Тэгтэл үгүй л байна. Хөгширсөн хойноо ууланд дурлаад 42 жил авирлаа. Одоо 80 гарчихаад байна. Уул зүүдэллээ гэж айж болгоомжлох зүйл байдаггүй л юм байна. Тэр үхчихлээ, би яах бол гэж бодохын ч хэрэг байхгүй. Уулын спортоор явсан, тэр сайхан өндөр хайрхануудад гарсан хүмүүс бие эрүүл, сэтгэл санаа сайхан, сэргэлэн цовоо л явдаг юм даа. 
Ж.Б. Таныг цасан шуурган дунд ганцаараа төөрөөд, ирвэст хөөгдөж явсан гэж бас сонссон...?
Т.И. 1991 онд, Ховдын Цамбагарав хайрханд авирах гээд, одоогийн ОУХМ Д.Эрдэнэтогтохтой хоёулхнаа түрүүлж цасны хаяанд очиж жижиг майхантай хоносон юм. Өглөө нь араас бааз дээр байсан уулчид хүрч ирсэн. Тэр өдөр цасаар шуураад, оргилын орой харагдахгүй, нэлээд юм болж байж бүгдээрээ хайрхандаа авирчихаад бид хоёрын хоносон газарт бууж ирэхэд зарим нь “Жаахан бүлээн юм уумаар байна, хөлөө ч амраая” гээд суухгүй юу. Тэгэхээр нь би “Урьд шөнө энд даарч хоносон, одоо жаахан бие халсан дээр үндсэн бааз руугаа дөхөж байя. Та нар араас яваад ир” гэчихээд түрүүлээд явсан чинь л төөрчихсөн. Цасан шуурган дундуур байсхийгээд л нэг юм хүржигнэх шиг болох юм. Зогсохоор дуугүй болчихно. Би ч “Манайхан надаар тоглоод, айлгаж яваа юм байна” л гэж бодлоо. Тэгээд нэг хадан дээр гишгээд нөгөө рүү харайх гэтэл л хадан дундаас жигтэйхэн том эрээн сүүл эрчлээд гараад ирсэн. Тэгэнгүүт л дээшээ зугтаачихсан. Эргэж харах ч үгүй гүйсээр байгаад төөрчихсөн. Манай хэд миний араас хөдлөөд бааз дээр иртэл би байдаггүй. Тэд шөнөжин эрсэн байгаа юм. Би ч шөнийн турш хад чулуутай ноцолдож хонолоо. Зогсоо чөлөөгүй хөдөлж байхгүй л бол хөлдчих гээд. Тэгсээр өглөөний 7.00 боллоо. Цас шуураад л байгаа. Тэгээд газрын баримжаа харж байгаад бааз руугаа явсан чинь ахиад л төөрчихсөн. Нэг төөрсөн хүн ахин дахин төөрөөд байдаг юм билээ. Сүүлдээ Цамбагаравын доод олон уулыг дамжиж гүйхээрээ явсаар нам дор газарт хүрч, нэг бригадын төв дээр ирлээ. Тэгтэл бригадын дарга нь эмээлтэй морь бэлдээд, намайг эрэхээр гарах гэж байв. Таарсан хүн болгон л “зүгээр үү” гээд, би ч “зүгээр ээ” л гээд байлаа. Бүтэн 24 цаг төөрөхдөө бүх биеэрээ хөлдчихсөнөө ер мэддэггүй. Ингээд бригадын даргынд хоол идээд унтсан чинь шөнө бие мод шиг хөшчихөөд, янгинаж өвдөөд болдоггүй. Үүр хаяарангуут гэрээс гараад, хувцсаа сөхөөд харсан чинь гуянаасаа эхлээд бүх бие нэлэнхүйдээ дарайсан улаан юм болчихож. Тавдугаар сар байсан юм. Тэгтэл ойролцоо мөсөн доогуур ус хүржигнэн урсаж сонсогдохоор нь явж очоод, мөсийг цоо цохиж байгаад усан дотор нүцгэлээд хэвтчихлээ. Эхлээд ороход час час хийгээд хэцүү байснаа яваандаа бие халуун оргиж чимчигнээд, сүүлдээ бүр усан дотор л хэвтээд баймаар болсон. Хэрэв тэр өдөртөө л өнжсөн бол усан цэврүү гүйгээд, халуурч бүлээрээд үхэх байсан байх. Ээ дээ, уулчин хүнд тэсвэр тэвчээр их хэрэгтэй шүү.
Ж.Б. Таны бие тэгээд огт гэмтээгүй юу?
Т.И. Гэмтээгүй. Тэр өдөртөө л өвчин нь гарчихсан.
Ж.Б. Ингэхэд нөгөө ирвэс хаачсан юм бол?
Т.И. Мэдэхгүй, нэг мэдэхэд л алга болчихсон байсан. Хаврын цагт тэнд өлссөн чоно ч их гэж байсан. Нутгийн нэг хөгшин “Хүү минь, чи их азтай юм. Газрын уруу зугтсан бол ирвэс дээрээс чинь үсэрч очоод л базчих байсан. Харин газрын өөд ерөөсөө явж чаддаггүй” гэж хэлсэн. Би тэрийг мэддэггүй байсан. Хүн үхэх болоогүй бол үхдэггүй л юм билээ.
Ж.Б. Үхэх болоогүй л бол үхдэггүй... Нээрэн, таныг Хан Тэнгэр ууланд долоо хоносны дараа хэн очиж аварсан юм бэ?
Т.И. Тэнд альпинад болж, 17 орны уулчид цугларсан байсан. Цуг явсан хүн маань мөс судалдаг казахстаны багийнхан дээр очоод хэд хоночихсон байгаа юм. Манай майхныг эзэнгүй байхаар нь биднийг авирахаар явжээ л гэж бодохгүй юу, гадаадын уулчид. Тэгээд хэд хоног өнгөрсөн чинь “Монголын хоёр хүн ойрд үзэгдсэнгүй, ер нь хаачсан юм бэ?” гээд бие биеэсээ сураглаж. Тэгтэл, хөл нь гэмтээд буусан нөгөө америк хүүхэн “Хятад ч юмуу, япон ч юмуу, ази царайтай нэг эмэгтэй 4200 м дээр байсан, одоо болтол ирээгүй юмуу?” гэсэн байгаа юм. Оросууд ч пижигнэж, аврах групийн хоёр хүндээ чарга чирүүлээд “Үхсэн бол чарган дээр аваад ир, үхээгүй бол ямар нэг аргаар аваад ир” гээд явуулж л дээ. Замдаа мөс судалдаг баазаар ортол монголоос надтай хамт явсан хүн тэнд байж байсан. Тэд гурвуулаа болоод над дээр ирэхэд би бүр хатчихсан, уулын өвчин бараг тусчихсан, ухаангүй байж байсан. Намайг нүдээ нээсэн чинь нөгөө хоёр орос “Амьд байна, амьд байна” гээд. Тэгээд төмөр аяганд цас чихээд аяны жижиг зуухан дээр бүлээсгээд өглөө. Бүлээн ус балгасан чинь л нүд сэргээд ирсэн. Монголд өлсгөлөн зарлачихсан байсан үе л дээ. Хүмүүс дах дэгтий өмсөөд, чихэртэй ус уугаад сууж байгаа гэж сонссон чинь “ямар сайхан юм бэ” л гэж санагдаж байсан шүү. Тэнд би долоо хоног хэлэн дээрээ юм тавиагүй. Аяны хөнжил шал нойтон, биеийн хэлбэрээр доошоо хонхойчихсон, тэрэн дээрээ унтаад байхаар хамаг бие хавагнаад, халуун оргиод, хөөгөөд пэмбийчихсэн. Бид явсаар шөнө бааз дээрээ ирсэн юм. Тэгэхэд би хүн харвал л уйлаад байдаг болчихсон байсан. Тэгж уйлна гэдэг чинь уулын өвчний нэг төрөл, бие халуун оргиж, хөөж хавагнадаг нь бас нэг төрөл нь гэнэ. Би Монголоос 63 кг жинтэй яваад 54 кг болоод буцаж ирсэн. Жижигхэн хар юм болчихоод ирэхэд гэрийнхэн танихгүй, их сандарцгаасан шүү.
Ж.Б. Та тэгээд Хан Тэнгэртээ авирч чадалгүй ирсэн юм уу?
Т.И. Авирсаан. Бааз дээрээ ирж хоноод, өглөө нь толинд хартал нүүр гэж хүн харахын аргагүй пэмбийсэн улаан юм, цасны туяанд арьс түлэгдээд тэр чигээрээ хууларчихсан байсан. Тэгээд хамт явсан хүндээ “Яг одоо буцъя, нутаг орондоо амьд мэнд очих минь. Монголд 5400-тай уул байхгүй юм чинь би тийм өндөрт олон удаа гарсныгаа хэлээд очно” гээд уйлаад сууж байтал гаднаас “Орж болох уу?” гэж байна. “Цасны бар” гэгддэг оросын нэг эмэгтэй уулчин байдаг юм, Хан Тэнгэрт гурав дөрвөн удаа гарсан, хүмүүс түүнтэй л гарах гээд гүйлдээд байдаг гэх сураг л сонсогддог, тийм хүн. Тэгтэл нөгөө Люба чинь манай майханд ороод ирэх нь тэр. Люба “Өнгөрсөн шөнө өөрийг чинь ирснээс хойш оросын уулчид хуралдаад унтаагүй. Тэгээд Хан Тэнгэрт энэ эмэгтэйтэй хэн явах вэ гэхээр нь би явна гэж хэллээ. Хоёулаа цуг Хан Тэнгэрт явъя” гэсэн. Би ч тэвэрч аваад л уйлаад уналаа. Люба ч уйлаад. Тэгж орос монгол хоёр эмэгтэй Хан Тэнгэрт гарсан юм шүү дээ. Тэр үед Монголд сураг чимээ ч үгүй байхад оросын хэвлэлүүд “Орос монгол хоёр эмэгтэй Хан Тэнгэрт авирч байна, 5000 дээр байна, 6000-д хүрлээ, 7000-д гарлаа” гээд л бичээд байсан. Оргил дээр гараад Люба намайг тэвэрч, олсонд авирахад хэрэглэдэг жумараа дурсгал болгож өгсөн дөө. Тэгж 7010 метрт авирахдаа би 62 настай байсан юм шүү дээ. Монголоос эмэгтэй уулчин хилийн дээс алхаж, гадаадын ууланд анх авирсан тохиол ч энэ. 
Ж.Б. Та 4200 м дээр долоо хоночихоод, бууж ирээд эргэж авирахдаа тэнхэрч амжсан байсан уу?
Т.И. Тэнхэрч амжаагүй ээ, гурав хоноод л эргэж авирсан. Тэнд, Хан Тэнгэрт авирах багуудыг эмчийн үзлэгт оруулж, авирах зөвшөөрөл өгдөг юм. Тэгээд монголын хоёрыг үзэх боллоо. Нөгөө хүнийг маань 80 удаа суулгаж, босгож үзээд “Хан Тэнгэрт явж болно” гэв. Дараа нь намайг бас баахан суулгаж, босгож, чагнаж үзлээ. Ерөнхий эмчийг нь дэвтэр дээрээ юм бичихээр л зүрх түгшээд явчихна. Эмч надаас нас асуухаар нь “62” гэсэн чинь нүд нь томроод ирлээ шүү. Би ч сандраад “Яасан бэ? Наснаас болоод намайг хасах гэж байгаа юм уу?” гээд л уйлчихсан. Тэгтэл эмч “Би гэж тэнэг толгой, таныг зураач, эсвэл газар үзэж яваа хүн л гэж бодож байлаа. Та ёстой мундаг байна. Та Хан Тэнгэрт авирч болно” гэхгүй юу. “Та Хан Тэнгэрт авирч болно” гэсэн чинь л морин туурай нижигнээд, домбор хөгжим эгшиглэх шиг болоод л, Алтай таван Богд тэр аяараа нүргэлээд байх шиг санагдсан шүү. Тэгж их баярласан. Тэгээд Люба миний хувцсыг шалгасан чинь өндөр ууланд тохирох юм нэг ч байгаагүй. Дандаа нейлонтой биеийн тамирын өмд цамц. Хээр хэвтсээр байгаад ядахдаа өвдөг гараад, шолхойгоод унжчихсан. Тэгээд Люба багийнхнаасаа хувцас авчирч өгсөн. Маргааш нь бид оргил руу 11-үүлээ явлаа, голландын 37 настай эмэгтэй багийнхаа хоёр залуугийн хамт, японы 24 настай нэг эмэгтэй, монголын хоёр, тэгээд Люба багийнхаа дөрвөн хүнтэй хамт. Өгссөөр нөгөө ангалыг даваад, миний олон хоносон оргил дээр ирэхэд тэд бүгд ядраад унаад өгсөн. Харин би улам л хөнгөрөөд, шөмбөгнөөд гүйгээд байгаа юм. Өндөрт долоо хоноход миний бие агаарт нь бүрэн дасчихсан байсан. Тэгтэл 24 настай япон охин маань хордлого аваад, гүйлгээд эхэлсэн. Түүнийг ангал дээгүүр буцааж гаргаж өгөөд, цаанаас нь японы уулчид тосч авахаар боллоо. Голландын 37 настай эмэгтэй 5400 метрт хүрээд цус алдаж, аахилахад нь завьжаар нь цус пур пурхийгээд байв. Тэгээд багийнх нь хоёр залуу түүнийг аваад буулаа. Ингээд орос, монгол хоёр эмэгтэй хэдэн эрэгтэйнхээ хамт цааш явсан. Оросын аврах групийнхэн биднийг авирахаас өмнө 5900 метрт мөс ухаж хоргодох байр хийгээд, эгц цасан хананд олс тавьсан байсан юм. Бид тэр хоргодох байранд шургаж хоноод, маргааш өглөө нь цасан хана өөд авирч гараад, цааш жаахан нуруулдаж яваад л оргилдоо хүрсэн дээ. Оргил нь шовх гэж жигтэйхэн. Орой дээр нь нэг төмөр авдар байна. Тэрийг тойроод зогсох жаахан л талбайтай. Оргилд гараад өөрийн эрхгүй уйлахад нулимс хацар дээр хөлдөж байсан. Уг нь долдугаар сар шүү дээ.
1989 онд “Эрэл”-ийн Эрдэнэбат, “Буян”-гийн Жаргалсайхан, Ичинноров гурав “Оргил” нэртэй анхны хоршоог байгуулж, таван ажилтан, таван оёдлын машинтайгаар Спортын төв ордонд үйлдвэрлэл явуулж байсан гэгээлэг түүх бий. Тэд биеийн тамирын хувцас, салхины хувцас, аяны хөнжил, үүргэвчийг төрөл төрлөөр нь хийж байв. Дэлхийг дугуйгаар тойрсон “Таван хуруу” баг тэргүүтэй олон ч тамирчдыг “Оргил” хоршоо ивээн тэтгэж, Ичинноров өөрөө ч хоршооныхоо зардлаар Японы Ротара Бомбей, Чуку Бан Сан хэмээх хоёр ихэр оргил, Кавказын алдарт Эльбрус, Чехийн Татра нурууны дөрвөн оргил гэхчлэн гадаадын олон ууланд авирсан. 1991 онд анх Хан Тэнгэр ууланд авирснаар тэр монголынхоо эмэгтэй уулчдыг гадаадын сүрлэг оргилууд руу түүчээлсэн билээ. Хан Тэнгэрийн тэр л авиралтын тухай, үхэл амьдралтай тэмцэлдэж асан жирийн нэгэн уулчин бүсгүйн тухай эргэн дурсах бүрийд “Зуны дэлгэр цагт цэцэгс дамжин нисч явдаг жижигхэн хөөрхөн гоёмсог эрвээхий цаст өндөр уулсын дунд, 4200 метрийн өндөрт, урссан нулимс хацар дээр хөлдөм хүйтэнд хэрхэн тэсч байсан юм бол?!” гэх бодол толгойд эргэлдэнэ.
Ж.Б. Тэр ямар учиртай эрвээхий байсан юм бол?!
Т.И. Намайг үхлээс аврах гэж л нутаг орноос минь очсон юм болов уу гэж боддог. Хэрэв тэр эрвээхий байгаагүй бол би буух гэж яваад ангалд унаж үхэх байсан. Би бүр бууя гэж шийдсэн шүү дээ. Тэгээд тэр эрвээхий надтай хоёр хоног хамт байсан. Оросууд намайг ирж авахад майхан маань газартайгаа наалдаад хөлдчихсөн байсан болохоор тэнд нь орхиод явсан юм. Тэгэхэд эрвээхий байж л байсан. Дараа нь эргэж авирахдаа майхнаа очиж авахад эрвээхий байгаагүй. Би одоо эрвээхийнд их хайртай...
Ж.Б. Ёстой үлгэр шиг юм аа...
Т.И. Үлгэр шиг юм ч их бий дээ, хүү минь.□
Эх сурвалж: "Гоодаль" сэтгүүл Ж.Баярхүү